Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Шүүгчид 6:15-28 Ариун Библи, 2004 (АБ2004)

15. Гидеон Түүнд—Эзэн минь, би хэрхэн Израилийг аварч чадах вэ? Үзэгтүн, манай бүл Манассегийн дотроос хамгийн дорой нь, мөн би эцгийнхээ гэрт хамгийн бага нь шүү дээ гэсэнд,

16. ЭЗЭН түүнд—Би үнэхээр чамтай хамт байх болно. Ганц хүнийг цохиж алах мэт чи Мидианыг дийлнэ гэв.

17. Иймд Гидеон—Хэрэв би Таны мэлмийд таалал олсон бол надтай ярилцаж буй нь Та мөн гэсэн тэмдгийг надад харуулаач.

18. Би өргөлөө авч, Тань уруу буцаж ирэн Таны өмнө тавих хүртэл эндээс битгий яваач гэхэд ЭЗЭН—Чамайг буцаж иртэл хүлээе гэж айлдав.

19. Гидеон явж, нэгэн ишиг төхөөрч, нэг ефа гурилаар исгээгүй талх хийж, махыг нь сагсан дотор, шөлийг нь тогоонд хийж, царс модны доор байгаа тэнгэр элчид тэдгээрийг авч ирэн түүнд өргөв.

20. Бурханы тэнгэр элч Гидеонд—Мах болон исгээгүй талхыг авч, энэ хадан дээр тавиад, шөлийг дээрээс нь асга гэв. Тэр тийн үйлдэв.

21. Ингэхэд ЭЗЭНий тэнгэр элч гартаа байсан таягийн үзүүрийг мах болон исгээгүй талханд хүргэмэгц хаднаас гал дүрэлзэн, мах болон исгээгүй талхыг шатааж орхив. Тэгээд ЭЗЭНий тэнгэр элч түүнд үзэгдэхгүй болов.

22. Энэ нь ЭЗЭНий тэнгэр элч байсныг Гидеон хараад—Аяа, Эзэн БУРХАН минь, би ЭЗЭНий тэнгэр элчтэй нүүр нүүрээрээ учрав хэмээн уулга алдсанд

23. ЭЗЭН түүнд—Амар тайван байгтун. Бүү ай. Чи үхэхгүй хэмээн айлдав.

24. Гидеон тэнд ЭЗЭНд зориулан тахилын ширээ босгож, түүнийгээ ЭЗЭН бол Амар тайван хэмээн нэрлэв. Тэр нь энэ өдрийг хүртэл абиезричуудын Офрад байгаа.

25. Тэр шөнө ЭЗЭН Гидеонд айлдан—Чи эцгийнхээ бухыг, долоон настай өөр бухны хамт авч, Баалд зориулсан эцгийнхээ тахилын ширээг нураан хаяж, дэргэд нь байх Ашерагийн баганыг тайрч унага.

26. Энэ өндөрлөгийн оройд чи өөрийн Бурхан ЭЗЭНд зориулан тахилын ширээг зөв аргаар босгогтун. Тайрч унагасан Ашерагийн баганын модыг ашиглан хоёр дахь бухаар шатаалт тахилыг өргөгтүн гэв.

27. Гидеон өөрийн зарц нарын дундаас арван эрийг авч, ЭЗЭНий тушаасан ёсоор үйлдэв. Тэрээр эцгийн гэрийнхэн болон хотын хүмүүсээс ихэд эмээж байсан тул үүнийг өдөр хийлгүй, шөнөөр үйлдэв.

28. Хотын хүмүүс дараа өглөө нь эртлэн босоод харсанд, Баалын тахилын ширээг нурааж хаясан, дэргэд нь байсан Ашерагийн баганыг тайрч унагаад, шинээр босгосон тахилын ширээн дээр хоёр дахь бухаар тахил өргөсөн байв.

бүрэн бүлгийг уншина уу Шүүгчид 6