Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Шүүгчид 3:5-18 Ариун Библи, 2004 (АБ2004)

5. Израилийн хөвгүүд канаанчууд, хитчүүд, аморичууд, перизчүүд, хивичүүд, иебусчуудын дунд амьдарч,

6. тэдний охидыг өөрсдөдөө эхнэр болгон авч, өөрсдийн охидыг тэдний хөвгүүдэд өгч, тэдний бурхдад нь үйлчлэв.

7. Израилийн хөвгүүд ЭЗЭНий мэлмийн өмнө мууг үйлдэж, өөрсдийн Бурхан ЭЗЭНийг умартан, Баал болон Ашеротод үйлчлэв.

8. Тэгэхэд ЭЗЭНий уур хилэн Израилийн эсрэг шатаж, Тэр тэднийг Месопотамийн хаан Хушан-ришатаимын гарт тушаав. Израилийн хөвгүүд найман жил Хушан-ришатаимд боолчлогдов.

9. Израилийн хөвгүүд ЭЗЭНд хашхиран гуйсанд, ЭЗЭН тэдний төлөө тэднийг аврах нэгэн чөлөөлөгчийг босгосон нь Калебын дүү Кеназын хөвгүүн Отниел байв.

10. ЭЗЭНий Сүнс түүн дээр ирж, тэр Израилийг шүүв. Түүнийг тулалдахаар явахад, Месопотамийн хаан Хушан-ришатаимыг ЭЗЭН түүний гарт өгөв. Ингэж тэр Хушан-ришатаимыг дарав.

11. Дараа нь Кеназын хөвгүүн Отниелыг нас эцэслэтэл газар нутаг нь дөчин жил амар тайван байжээ.

12. Израилийн хөвгүүд дахин ЭЗЭНий мэлмийн өмнө мууг үйлдсэн тул ЭЗЭН Израилийн эсрэг Моабын хаан Еглоныг хүчирхэг болгов. Учир нь израильчууд ЭЗЭНий мэлмийн өмнө бурууг үйлджээ.

13. Тэрээр аммончууд болон амалекчуудыг өөртөө нэгтгэн, Израиль уруу довтолж ялаад, Далдуу модны хотыг эзлэв.

14. Израилийн хөвгүүд Моабын хаан Еглонд арван найман жилийн турш боолчлогджээ.

15. Харин Израилийн хөвгүүд ЭЗЭНд хашхиран гуйсанд, ЭЗЭН тэдний төлөө нэгэн чөлөөлөгчийг босгосон нь Бениамин хүн Герагийн хөвгүүн солгой гарт Ехүд байв. Израилийн хөвгүүд Моабын хаан Еглонд барих алба гувчуураа түүгээр явуулав.

16. Ехүд өөртөө нэг тохой урт, хоёр талдаа иртэй сэлэм хийж, баруун ташаандаа бэхлэн, хувцсаараа халхлав.

17. Тэгээд тэр Моабын хаан Еглонд алба гувчуураа гардуулав. Еглон маш бүдүүн хүн байв.

18. Тэр алба гувчуураа гардуулсны дараа түүнийг зөөж авчирсан хүмүүсийг явуулав.

бүрэн бүлгийг уншина уу Шүүгчид 3