Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Шүүгчид 20:13-23 Ариун Библи, 2004 (АБ2004)

13. Тэгэхлээр одоо Гибеа дахь тэдгээр үл бүтэх этгээдүүдийг тушаагтун. Бид тэднийг алж, Израилиас энэ бузар явдлыг зайлуулъя гэж хэлүүлэв. Гэвч Бениамины хөвгүүд өөрсдийн ах дүүс болох Израилийн хөвгүүдийг сонссонгүй.

14. Израилийн хөвгүүдийн эсрэг дайтахаар Бениамины хөвгүүд хот бүрээс Гибеад цугларав.

15. Тэр өдөр хот бүрээс цугларсан Бениамины хөвгүүдийг тоолоход Гибеагийн оршин суугчид болох шилэгдсэн долоон зуун эрчүүдээс гадна хорин зургаан мянган илд агсагч байсан билээ.

16. Эдгээр бүх хүний дотор шилэгдсэн долоон зуун хүн бүгд солгой гартай байлаа. Тэд бүгд чулуугаар хялгасыг ч алдалгүй харваж чаддаг байлаа.

17. Бениаминаас гадна Израилийн эрсийг тоолоход, илд агссан дөрвөн зуун мянган хүн байсан бөгөөд тэд бүгд дайчин эрс байв.

18. Израилийн хөвгүүд босож, Бетелд очин, Бурханаас асуун,—Бениамины хөвгүүдийн эсрэг тулалдахад бидний төлөө хэн нь түрүүнд явах вэ? гэсэнд—Иуда түрүүнд явах болно гэж ЭЗЭН айлдав.

19. Ингээд Израилийн хөвгүүд өглөө босож, Гибеагийн эсрэг хуарагнан буув.

20. Израилийн эрс Бениамины эсрэг тулалдахаар хөдөлж, Гибеад тэдний эсрэг талд байрлалаа эзлэв.

21. Тэгэхэд Бениамины хөвгүүд Гибеагаас гарч ирэн, тэр өдөртөө хорин хоёр мянган Израилийн эрсийг газар дээр хөнөөв.

22. Гэвч Израилийн эрчүүд болох ард олон өөрсдийгөө зоригжуулан, эхний өдөр байрлалаа эзэлсэн газартаа дахин тулалдахаар байрлалаа эзлэв.

23. Израилийн хөвгүүд явж, ЭЗЭНий өмнө үдэш болтол уйлалдан, ЭЗЭНээс асуун—Миний дүү Бениамины хөвгүүдийн эсрэг тулалдахаар бид дахин явах уу? гэв. ЭЗЭН—Түүний эсрэг хөдөл хэмээн айлдлаа.

бүрэн бүлгийг уншина уу Шүүгчид 20