Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Шүүгчид 19:12-22 Ариун Библи, 2004 (АБ2004)

12. Харин эзэн нь түүнд—Израилийн хөвгүүд бус, харь хүмүүсийн хотод бид орохгүй. Харин Гибеа хүртэл явна гэж хэлжээ.

13. Тэр зарцдаа—Гибеа, эсвэл Рамагийн аль нэгэнд нь хүрч, тэнд энэ шөнийг өнгөрөөе гэв.

14. Ингээд тэд цаашлан өнгөрч замаараа явсаар, Бениамины харьяа Гибеад ойртон ирэх үед нар шингэв.

15. Тэд Гибеад нэвтрэн орж, хоноглохоор тийшээ зүглэв. Тэднийг гэртээ хонуулах хүн байсангүй тул тэд хотын задгай талбайд суув.

16. Үдэш нэгэн өвгөн талбай дахь ажлаасаа буун ирж явж байлаа. Энэ хүн Ефраимын уулархаг нутгийн хүн бөгөөд Гибеад амьдардаг байжээ. Харин энэ газрын хүмүүс нь бениаминчууд байлаа.

17. Тэр өвгөн хараагаа дээш өргөн, хотын задгай талбайд байгаа аяны хүмүүсийг хараад—Та нар хаашаа явж байна вэ, мөн хаанаас ирсэн бэ? хэмээн асуув.

18. Өнөөх эр түүнд—Бид Иудагийн Бетлехемээс Ефраимын уулархаг нутгийн буйд газар уруу аялж байгаа юм. Юу гэвэл би тэндхийнх бөгөөд би Иудагийн Бетлехемд очсон билээ. Би одоо өөрийн гэр уруу харьж явна. Харин хэн ч намайг гэртээ оруулдаггүй.

19. Гэвч бидний илжгэнд сүрэл ч, тэжээл ч байна. Бас надад, таны шивэгчинд болон таны зарц нартай хамт яваа залууд ч талх дарс байна. Дутах юм юу ч алга гэж хариулав.

20. Өвгөн—Манайд морилцгоо доо. Бүх хэрэгцээг чинь хангахыг надад зөвшөөрөөч. Харин задгай талбайд шөнийг өнгөрөөж болохгүй гэв.

21. Ингээд тэр түүнийг өөрийн гэртээ дагуулж ирэн, илжгэнд нь өвс тавив. Тэд хөлөө угааж, идэж ууцгаалаа.

22. Тэднийг найрлаж байтал байшинг нь уг хотын хүмүүс болох үл бүтэх этгээдүүд бүслэн, хаалгыг нь балбаж гарлаа. Тэд гэрийн эзэн өвгөнд—Танай гэрт ирсэн тэр эрийг гарга. Бид түүнтэй хурьцмаар байна гэж бархиралдав.

бүрэн бүлгийг уншина уу Шүүгчид 19