Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Шүүгчид 19:1-13 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Израильд хаангүй байх тэр үед нэгэн Леви хүн Ефраимын уулархаг нутгийн буйд газарт нутаглаж байв. Тэр хүн Иудагийн Бетлехемээс өөртөө татвар эм авчээ.

2. Гэтэл түүний татвар эм завхайран самуурч, түүнийг орхин, Иудагийн Бетлехемд буй эцгийнхээ гэрт ирж, тэнд дөрвөн сар суулаа.

3. Дараа нь түүний нөхөр нь босож, түүнийг буцааж авчрахын тулд энхрий зөөлнөөр ярихаар нэг зарцаа авч хоёр илжгээ дагуулан түүний араас явав. Өнөөх эмэгтэй түүнийг эцгийнхээ гэрт дагуулж ороход охины эцэг хүргэнээ хараад, ихэд баярлав.

4. Охины эцэг буюу хадам эцэг нь түүнийг саатуулсаар, тэр хадмындаа гурав хонов. Тэд тэндээ идэж ууж хоноглосон билээ.

5. Дөрөв дэх өдөр нь тэд өглөө эртлэн босож, Леви хүн аянд бэлтгэв. Охины эцэг хүргэндээ—Зүсэм талх идэж, хүчээ сэлбээд дараа нь явагтун гэв.

6. Тэд хамтдаа сууж, хамт идэж ууцгаав. Охины эцэг өнөөх эрд хандан—Нэгэн үдшийг өнгөрөөж, сэтгэлээ хөгжөөгөөч гэлээ.

7. Тэгэхэд өнөөх эр явахаар боссон боловч хадам нь түүнийг дахин нэгэн үдшийг тэнд өнгөрүүлэхээр ихэд ятгасан юм.

8. Тав дахь өдөр нь тэр өглөө эртлэн явахаар боссонд охины эцэг—Хүчээ сэлбэн үд болтол хүлээгээч гэхэд тэд цуг хооллов.

9. Өнөөх эр татвар эм болон зарцынхаа хамт явахаар боссонд охины эцэг буюу хадам эцэг нь түүнд—Үзэгтүн, өдөр бараг өнгөрлөө шүү дээ. Шөнийг өнгөрүүлэгтүн. Өдөр дуусаж байна. Энд хонож, сэтгэлээ хөгжөөгтүн. Тэгээд маргааш өглөө чи эртлэн босоод, гэртээ харьж болно шүү дээ гэв.

10. Харин өнөөх эр шөнийг өнгөрүүлэхийг хүсэлгүй, босон явж, Иебусын (буюу Иерусалимын) харалдаа газар ирэв. Түүнтэй хамт эмээллэсэн хоёр илжиг болон татвар эм нь байлаа.

11. Тэд Иебусын ойролцоо байх үед гэгээ тасрах дөхөж байлаа. Зарц нь эзэндээ—Иебусчуудын энэ хотод орж, тэнд энэ шөнийг өнгөрөөе гэжээ.

12. Харин эзэн нь түүнд—Израилийн хөвгүүд бус, харь хүмүүсийн хотод бид орохгүй. Харин Гибеа хүртэл явна гэж хэлжээ.

13. Тэр зарцдаа—Гибеа, эсвэл Рамагийн аль нэгэнд нь хүрч, тэнд энэ шөнийг өнгөрөөе гэв.

бүрэн бүлгийг уншина уу Шүүгчид 19