Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Шүүгчид 18:6-17 Ариун Библи, 2004 (АБ2004)

6. Тахилч тэдэнд—Амар тайван явагтун. Та нарын хийж буй аяныг ЭЗЭН зөвшөөрчээ гэв.

7. Тэгээд таван эр цааш яван, Лаишт хүрч, тэндхийн оршин суугчид Сидон хүмүүсийн адил санаа зовох юмгүй, амар тайван сууж буйг харав. Энэ газарт дутах юм юу ч үгүй, хавчих хүн ч үгүй ажээ. Тэд Сидон хүмүүсээс алс байдаг тул хэнтэй ч холбоо харьцаагүй байв.

8. Туршуулууд Зора болон Ештаолд буй ах дүү нар дээрээ буцаж ирэхэд ах дүүс нь—Ямар мэдээтэй ирэв? гэсээр угтлаа.

9. Тэд—Босоцгоо, тэдэн уруу довтолцгооё. Бид тэр газрыг үзсэн бөгөөд тэр нь маш сайн газар юм. Та нар суусаар л байх уу? Явж, тэр газар уруу нэвтэрч, тэр газрыг эзлэхийг бүү хойшлуул.

10. Та нар нэвтрэхдээ амар амгалан хүмүүстэй, өргөн уудам нутагт очих болно. Юу гэвэл Бурхан үүнийг та нарын гарт тушаав. Тэр нь дэлхийд байгаа ямар ч зүйлсээр дутагдахгүй нутаг билээ гэв.

11. Тэгээд Даны өрхөөс буюу Зора ба Ештаолоос дайны зэвсэг агссан зургаан зуун хүн аянд гарчээ.

12. Тэд явсаар, Иудагийн Кириат-иеаримд буудаллав. Тийм учраас тэд энэ өдрийг хүртэл тэр газрыг Махане-дан хэмээн нэрлэсэн юм. Энэ нь Кириат-иеаримын баруун талд байгаа.

13. Тэд тэндээс явж өнгөрөн, Ефраимын уулархаг нутагт Микагийн гэрт хүрэв.

14. Тэгээд Лаиш нутгийг тагнахаар явсан таван хүн нь хамаатнууддаа хандан—Эдгээр гэрүүдийн дотор ефод, терафим, сийлмэл болон цутгамал хөрөг дүрсүүд байгааг та нар мэдэх үү? Одоо тэгэхлээр та нар юу үйлдэх ёстойгоо мэд гэв.

15. Тэд эргэн яваад, нөгөө залуу Леви хүний гэрт буюу Микагийн гэрт очиж, түүний амар мэндийг асуув.

16. Дайтах зэвсэг агссан зургаан зуун Дан хүн хаалганы үүдэнд зогсож байлаа.

17. Тахилч нь дайны зэвсэг агссан зургаан зуун хүний хамт хаалганы үүдэнд зогсож байх зуур тэр газрыг тагнахаар явсан таван хүн нэвтрэн орж, сийлмэл хөрөг дүрс, ефод, гэрийн шүтээнүүд болон цутгамал хөрөг дүрсийг ч авчээ.

бүрэн бүлгийг уншина уу Шүүгчид 18