Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Шүүгчид 16:9-19 Ариун Библи, 2004 (АБ2004)

9. Тэр эмэгтэй мухрын өрөөндөө хэдэн хүнийг нуусан байв. Тэгээд тэр—Самсон, Филист хүмүүс чам уруу ирж байна хэмээн бархирав. Гэвч Самсон бөх олсыг галд хүргэн таслах мэт нумын хөвчийг таслав. Ингээд түүний хүч чадлын нууц илчлэгдсэнгүй.

10. Делила Самсонд—Чи намайг мэхлэн, надад худал хэлсэн билээ. Чамайг юугаар хүлж болохыг одоо надад хэл л дээ гэв.

11. Самсон түүнд—Хэрэв тэд хэрэглэж байгаагүй цоо шинэ олсоор намайг чанга хүлбэл би дорой болж, жирийн хүний адил болно гэв.

12. Делила цоо шинэ олс авч, түүнийг хүлээд—Самсон, Филист хүмүүс чам уруу ирж байна хэмээн бархирав. Мухрын өрөөнд хэдэн эрчүүд нуугдсан байлаа. Гэвч Самсон тэр олсыг утас мэт таслан гараасаа унагав.

13. Дараа нь Делила Самсонд хандан—Өнөөг хүртэл чи намайг мэхлэн, надад худал хэлэв. Чамайг хэрхэн хүлж болохыг надад хэл хэмээн шаардав. Самсон түүнд—Хэрэв чи миний толгойн долоон туг үсийг нэхэж, [хадаасаар хадвал би дорой болж, жирийн хүний адил болно гэв.

14. Тийнхүү түүнийг унтаж байхад нь Делила түүний үснээс долоон туг үсийг нэхжээ.] Тэр үсийг нь хадаасаар хадаад—Самсон, Филист хүмүүс чам уруу ирж байна хэмээн бархирав. Гэвч Самсон нойрноос сэрж, хадаасыг нэхмэлийн хамт угз татав.

15. Тэгтэл нөгөө хүүхэн Самсонд—Зүрх сэтгэл чинь надаас хөндий атал “Би чамд хайртай” гэж чи яаж надад хэлж чадна вэ? Чи намайг гурвантаа мэхлэн, чиний агуу хүч чадал юунд байгааг надад хэлсэнгүй хэмээв.

16. Тэр өдөр бүр түүнийг үгээрээ дарамтлан зовоосонд, түүний сэтгэл санааг мохоов.

17. Ингээд Самсон түүнд өөрийн сэтгэлд буй бүгдийг ярьж,—Миний толгойд тонгорог хүргэсэн удаагүй. Учир нь би эхийн хэвлийд байхаасаа Бурханы Назир хүн байв. Хэрэв миний үсийг хусвал миний хүч чадал надаас зайлж, би доройтон жирийн хүний адил болно гэв.

18. Самсон өөрийнхөө сэтгэлд буй бүгдийг ярьсныг Делила хараад, хүн явуулж, Филистийн ноёдыг дуудан—Дахин нэг удаа хүрч ирэгтүн. Учир нь Самсон өөрийн зүрх сэтгэлийн хамаг бүхнээ надад дэлгэсэн гэж хэлүүлэв. Тэгэхэд Филистийн ноёд түүн уруу мөнгөө барьж ирэв.

19. Өнөөх эмэгтэй Самсоныг өвдөг дээрээ унтуулж, нэгэн хүнийг дуудан, Самсоны толгойн долоон туг үсийг хусуулжээ. Дараа нь тэр түүнийг зовоож эхэлсэнд Самсоны хүч алга болжээ.

бүрэн бүлгийг уншина уу Шүүгчид 16