Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Шүүгчид 13:10-25 Ариун Библи, 2004 (АБ2004)

10. Нөгөө эмэгтэй яаран гүйж очоод, нөхөртөө—Үзэгтүн, тэр өдөр над дээр ирсэн хүн надад үзэгдлээ гэв.

11. Тэгэхэд Маноа босож, эхнэрээ даган явж, нөгөө хүн дээр очин—Энэ эмэгтэйтэй ярьсан хүн та мөн үү? гэхэд тэр—Би мөн гэж хариулав.

12. Маноа—Одоо таны үг биелэгдэх үед хөвгүүний амьдралын хэв маяг болон үйлчлэл нь ямар байх вэ? хэмээн асуусанд

13. ЭЗЭНий тэнгэр элч Маноад—Миний хэлсэн бүхэнд эмэгтэй анхааралтай байг.

14. Усан үзмийн модноос гарсан ямар ч юмыг тэр идэж үл болно. Мөн усан үзмийн дарс болон архийг ууж үл болно. Бузар идээг идэж болохгүй. Миний тушаасан бүхнийг тэр эмэгтэйгээр сахиулагтун гэж айлдлаа.

15. Тэгэхэд нь Маноа ЭЗЭНий тэнгэр элчид—Бид танд зориулан ишиг төхөөрөх тул та түр саатаж болгооно уу? гэв.

16. ЭЗЭНий тэнгэр элч Маноад—Чи намайг саатуулсан ч би чиний идээнээс үл иднэ. Харин чи шатаалт тахилыг өргөе хэмээвэл түүнийгээ ЭЗЭНд өргөгтүн гэв. Учир нь Маноа түүнийг ЭЗЭНий тэнгэр элч гэдгийг мэдээгүй ажээ.

17. Маноа ЭЗЭНий тэнгэр элчид хандан—Таны нэр алдар хэн бэ? Таны үг биелэгдэх үед бид таныг магтах болно гэсэнд

18. ЭЗЭНий тэнгэр элч түүнд—Миний нэр гайхамшигтай гэдгийг харсаар байж юунд түүнийг асууна вэ? гэж айлдлаа.

19. Тийнхүү Маноа ишиг болон үр тариан тахилыг авч, хадан дээр ЭЗЭНд өргөв. Маноа болон түүний эхнэрийг харж байхад ЭЗЭНий тэнгэр элч гайхамшгийг үйлдэв.

20. Галын дөл тахилын ширээнээс тэнгэр өөд дүрэлзсэнд ЭЗЭНий тэнгэр элч тахилын ширээний дөлөн дотор залран дээш одов. Маноа болон түүний эхнэр үүнийг хараад нүүрээрээ газарт хөсөр унав.

21. ЭЗЭНий тэнгэр элч Маноа болон түүний эхнэрт дахин үзэгдсэнгүй. Тэгээд Маноа түүнийг ЭЗЭНий тэнгэр элч байсныг мэджээ.

22. Маноа эхнэртээ—Бид Бурханыг үзсэн тул заавал үхэх болно гэхэд

23. эхнэр нь түүнд—Хэрэв ЭЗЭН биднийг алахаар санасан аваас Тэр бидний гараас шатаалт тахил болон үр тариан тахилыг авахгүй байх байсан бөгөөд энэ бүгдийг ч бидэнд үзүүлэхгүй, бас энэ үед үүнтэй адил зүйлсийг бидэнд сонсгохгүй байх байсан гэв.

24. Үүний дараа өнөөх эмэгтэй хөвгүүн төрүүлж, түүндээ Самсон хэмээх нэр хайрлав. Хөвгүүн өсөж, ЭЗЭН түүнийг ерөөв.

25. Зора болон Ештаолын хоорондох Махане-дан хотод байхад нь ЭЗЭНий Сүнс түүнийг хөдөлгөж эхлэв.

бүрэн бүлгийг уншина уу Шүүгчид 13