Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Шүүгчид 11:26-38 Ариун Библи, 2004 (АБ2004)

26. Израиль нь Хешбон ба түүний харьяа гацаанууд, Ароер ба түүний харьяа гацаа болон Арнон голын эрэг дэх хамаг хотуудад гурван зуун жилийн турш израильчууд оршин суух хугацаанд та нар яагаад үүнийгээ тэднээс буцааж аваагүй юм бэ?

27. Тэгэхээр Би чиний эсрэг нүгэл үйлдээгүй атал, миний эсрэг дайн өдөөснөөрөө чи надад буруу зүйл хийж байна. Шүүгч болох ЭЗЭН өнөөдөр Израилийн хөвгүүд болон Аммоны хөвгүүдийн хоорондохыг шүүх болтугай” гэв гэжээ.

28. Харин өөрт нь илгээсэн Иефтагийн үгийг Аммоны хөвгүүдийн хаан ойшоосонгүй.

29. ЭЗЭНий Сүнс Иефтагийн дээр бууж ирсэнд тэрээр Гилеад болон Манассегаар өнгөрч гараад, дараа нь Гилеадын Мизпагаар дайран, Гилеадын Мизпагаас Аммоны хөвгүүд уруу хөдлөв.

30. Иефта ЭЗЭНд тангараглан—Хэрэв Та үнэхээр Аммоны хөвгүүдийг миний гарт өгвөл

31. би Аммоны хөвгүүдээс амар мэнд буцаж ирэх үед гэрийн минь үүднээс намайг угтан гарч ирэх тэр л хүн ЭЗЭНийх байх бөгөөд би түүнийг шатаалт тахил болгон өргөнө гэж өгүүлэв.

32. Ингээд Иефта Аммоны хөвгүүдтэй тулалдахаар голыг гатлав. ЭЗЭН тэднийг Иефтагийн гарт тушаалаа.

33. Иефта Ароераас Миннитийн гарц хүртэл, хорин хотыг бас Абел-керамимын чанадад хүртэл довтлон, хүйс тэмтрэв. Ингээд Аммоны хөвгүүд Израилийн хөвгүүдийн өмнө дарагдав.

34. Иефта Мизпа дахь өөрийн гэртээ ирэхэд, охин нь хэнгэрэг дуугарган бүжиглэсээр түүнийг угтан гарч ирэв. Тэр охин түүний цорын ганц хүүхэд нь байсан бөгөөд Иефтад тэр охиноос өөр хөвгүүн ч, охин ч байхгүй байжээ.

35. Иефта охиноо хармагц хувцсаа урж тастан—Хөөрхий охин минь! Чи надад асар их гуниг авчирлаа. Чи намайг шаналгав. Учир нь Би ЭЗЭНд ам алдсан бөгөөд үгээ буцааж авч чадахгүй гэв.

36. Охин эцэгтээ—Эцэг минь, та ЭЗЭНд ам алдсан билээ. Таны дайсан болох Аммоны хөвгүүдээс таны өшөөг ЭЗЭН авч өгснөөс хойш хэлснийхээ дагуу надад үйлдэгтүн! гэжээ.

37. Тэр эцэгтээ хандан—Үүнийг надад зөвшөөрөөч. Хоёр сарын хугацааг надад өгнө үү? Би найз нарынхаа хамт уулаар хэрэн явж, өөрийн онгон байдлын учир уйлан гашуудъя гэв.

38. Иефта—Явагтун хэмээн өгүүлээд, охиноо хоёр сар явуулсанд охин найз нарын хамт явж, уулан дээр өөрийн онгон байдлын учир уйлан гашуудав.

бүрэн бүлгийг уншина уу Шүүгчид 11