Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Шүүгчид 11:15-27 Ариун Библи, 2004 (АБ2004)

15. түүнд—Иефта ийнхүү хэлүүлжээ. “Моабын газрыг ч, Аммоны хөвгүүдийн газрыг ч Израиль аваагүй.

16. Израиль Египетээс гарч ирж, цөлийг туулан Улаан тэнгис хүртэл явж, Кадешт ирэхдээ

17. Едомын хаанд элч нарыг илгээн, «Биднийг өөрийнхөө газраар нэвтрүүлээч» хэмээн гуйсан боловч Едомын хаан хайхарсангүй. Тэд бас Моабын хаанд элч нарыг илгээсэн боловч тэр ч зөвшөөрөөгүй. Ингээд Израиль Кадешт үлдсэн юм.

18. Дараа нь тэд цөлийг туулан Едомын болон Моабын газрыг тойрч, Моабын нутгийн зүүн талд ирж, Арноны чанадад буудаллав. Гэвч тэд Моабын газар нутагт халдан орсонгүй. Учир нь Арнон бол Моабын хил байв.

19. Израиль Хешбоны хаан, аморичуудын хаан Сихонд элч нарыг илгээн «Өөрсдийн газар уруугаа явахын тулд биднийг газар нутгаараа дамжин өнгөрүүлнэ үү?» хэмээн уламжлуулсан боловч,

20. Сихон Израильд үл итгэн, өөрийн газар нутгаар өнгөрүүлээгүйгээр барахгүй бүх ард түмнээ цуглуулж, Иахазад хуарагнан, Израильтай тулалдсан юм.

21. Израилийн Бурхан ЭЗЭН Сихон болон түүний бүх ард түмнийг Израилийн гарт тушаасанд Израиль тэднийг ялав. Ингэж л Израиль тэндхийн уугуул оршин суугчид болох аморичуудын бүх нутгийг эзлэн авсан билээ.

22. Иймээс тэд Арнонаас Иаббокийг хүртэлх бас цөлөөс Иорданыг хүртэлх аморичуудын бүх газар нутгийг эзэмшсэн юм.

23. Израилийн Бурхан ЭЗЭН Өөрийн ард түмэн болох Израилийн өмнөөс аморичуудыг хөөн зайлуулсны хойно одоо чи түүнийг эзэмших гэж үү?

24. Чиний бурхан Хемош чамд юу эзэмшүүлэхээр өгснийг л чи эзэмшдэг биш үү? Тиймээс бидний Бурхан ЭЗЭН бидний өмнөөс хөөн зайлуулах бүхнийг бид эзэмших болно.

25. Чи Моабын хаан Зиппорын хөвгүүн Балакаас юугаараа илүү юм бэ? Балак Израильтай тэмцсэн буюу тэдэнтэй тулалдсан удаа байна уу?

26. Израиль нь Хешбон ба түүний харьяа гацаанууд, Ароер ба түүний харьяа гацаа болон Арнон голын эрэг дэх хамаг хотуудад гурван зуун жилийн турш израильчууд оршин суух хугацаанд та нар яагаад үүнийгээ тэднээс буцааж аваагүй юм бэ?

27. Тэгэхээр Би чиний эсрэг нүгэл үйлдээгүй атал, миний эсрэг дайн өдөөснөөрөө чи надад буруу зүйл хийж байна. Шүүгч болох ЭЗЭН өнөөдөр Израилийн хөвгүүд болон Аммоны хөвгүүдийн хоорондохыг шүүх болтугай” гэв гэжээ.

бүрэн бүлгийг уншина уу Шүүгчид 11