Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Шүүгчид 11:11-21 Ариун Библи, 2004 (АБ2004)

11. Тэгээд Иефта Гилеадын ахлагчдын хамт явж, ардууд түүнийг өөрсдийн тэргүүлэгч ба удирдагч болгосон. Иефта өөрийн хамаг үгийг ЭЗЭНий өмнө Мизпад хэлэв.

12. Иефта Аммоны хөвгүүдийн хаанд элч нарыг илгээж,—Чи миний газар нутаг уруу дайтахаар миний эсрэг ирэх ямар хэрэг чи бид хоёрын дунд болсон юм бэ? хэмээн хэлүүлсэнд

13. Аммоны хөвгүүдийн хаан хариуд нь Иефтагийн элч нарт—Яагаад гэвэл Израиль Египетээс гарч ирэхдээ Арнонаас Иаббок болон Иорданыг хүртэлх миний нутгийг авсан билээ. Тиймээс одоо эдгээр газрыг энх тайвнаар буцааж өг гэжээ.

14. Иефта Аммоны хөвгүүдийн хаанд элч нарыг дахин илгээж,

15. түүнд—Иефта ийнхүү хэлүүлжээ. “Моабын газрыг ч, Аммоны хөвгүүдийн газрыг ч Израиль аваагүй.

16. Израиль Египетээс гарч ирж, цөлийг туулан Улаан тэнгис хүртэл явж, Кадешт ирэхдээ

17. Едомын хаанд элч нарыг илгээн, «Биднийг өөрийнхөө газраар нэвтрүүлээч» хэмээн гуйсан боловч Едомын хаан хайхарсангүй. Тэд бас Моабын хаанд элч нарыг илгээсэн боловч тэр ч зөвшөөрөөгүй. Ингээд Израиль Кадешт үлдсэн юм.

18. Дараа нь тэд цөлийг туулан Едомын болон Моабын газрыг тойрч, Моабын нутгийн зүүн талд ирж, Арноны чанадад буудаллав. Гэвч тэд Моабын газар нутагт халдан орсонгүй. Учир нь Арнон бол Моабын хил байв.

19. Израиль Хешбоны хаан, аморичуудын хаан Сихонд элч нарыг илгээн «Өөрсдийн газар уруугаа явахын тулд биднийг газар нутгаараа дамжин өнгөрүүлнэ үү?» хэмээн уламжлуулсан боловч,

20. Сихон Израильд үл итгэн, өөрийн газар нутгаар өнгөрүүлээгүйгээр барахгүй бүх ард түмнээ цуглуулж, Иахазад хуарагнан, Израильтай тулалдсан юм.

21. Израилийн Бурхан ЭЗЭН Сихон болон түүний бүх ард түмнийг Израилийн гарт тушаасанд Израиль тэднийг ялав. Ингэж л Израиль тэндхийн уугуул оршин суугчид болох аморичуудын бүх нутгийг эзлэн авсан билээ.

бүрэн бүлгийг уншина уу Шүүгчид 11