Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Шүүгчид 1:3-17 Ариун Библи, 2004 (АБ2004)

3. Тэгэхэд Иуда өөрийн ах Симеонд—Канаанчуудтай тулалдахаар надад оногдсон газар уруу надтай цуг яваач. Тэгвэл чамд оногдсон газар уруу ч би бас явна шүү гэхэд Симеон түүнтэй хамт явлаа.

4. Иуда явсанд ЭЗЭН тэдний гарт канаанчууд болон перизчүүдийг өгөв. Тэд Безект арван мянган хүнийг хүйс тэмтэрлээ.

5. Тэд Безект Адони-безекийг олж, түүний эсрэг тулалдан, канаанчууд болон перизчүүдийг ялав.

6. Харин Адони-безек зугтсанд, тэд араас нь нэхэж бариад, гар хөлийнх нь эрхий хуруунуудыг нь тастав.

7. Адони-безек—Гар хөлийнхөө эрхий хурууг тастуулсан далан хаан миний хоолны ширээн доороос шавхруу цуглуулдаг байв. Хийсэн үйлийн минь дагуу Бурхан надад хариу өглөө гэв. Тэгээд тэд Адони-безекийг Иерусалимд авчирсанд, тэр тэнд нас барлаа.

8. Дараа нь Иудагийн хөвгүүд Иерусалимын эсрэг дайтаж, түүнийг эзлэн аваад, илдний ирээр цавчлан, галдан шатаав.

9. Ингэсний дараа Иудагийн хөвгүүд уулархаг нутаг, Негев болон нам газарт нутаглаж байсан канаанчуудтай тулалдахаар ирэв.

10. Тийнхүү Иуда Хебронд амьдардаг байсан канаанчуудын эсрэг хөдөллөө. (Хеброны нэрийг урьд нь Кириат-арба гэдэг байв). Тэд Шешаи, Ахиман болон Талмаиг бут цохив.

11. Тэгээд тэндээс Иуда Дебирийн оршин суугчдын эсрэг довтлов. (Дебирийг урьд нь Кириат-сефер гэдэг байв).

12. Калеб—Кириат-сеферийг довтлон, түүнийг эзлэн авсан хүнд би охин Ахсагаа ч хүртэл эхнэр болгон өгнө гэв.

13. Калебын дүү Кеназын хөвгүүн болох Отниел түүнийг эзэлсэн тул Калеб түүнд охин Ахсагаа эхнэр болгон өгөв.

14. Охин түүн дээр очиход, түүнийг эцгээсээ тариалангийн талбай гуй хэмээн ятгав. Охин илжигнээсээ буусанд, Калеб түүнээс—Чи юу хүсэв? хэмээн асуув.

15. Тэр түүнд—Надад ерөөлөө хайрлаач. Нэгэнт надад Негевийн нутгийг өгснөөс хойш мөн булгуудыг нь өгөөч гэв. Тийнхүү Калеб дээд, доод булгуудыг түүнд өгөв.

16. Мосегийн хадам эцэг Кен хүний удмынхан Иудагийн хөвгүүдтэй хамт Далдуу хотоос Арадын өмнө оршдог Иудагийн цөл уруу яван, хүмүүстэй нь хамт амьдран суув.

17. Иуда ах Симеонтой хамт явж, Зефатад амьдарч байгаа канаанчуудыг цохиж алаад, хотыг бүрмөсөн устгав. Ийнхүү тэр хот Хорма гэж нэрлэгдэх болов.

бүрэн бүлгийг уншина уу Шүүгчид 1