Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Шүүгчид 1:11-26 Ариун Библи, 2004 (АБ2004)

11. Тэгээд тэндээс Иуда Дебирийн оршин суугчдын эсрэг довтлов. (Дебирийг урьд нь Кириат-сефер гэдэг байв).

12. Калеб—Кириат-сеферийг довтлон, түүнийг эзлэн авсан хүнд би охин Ахсагаа ч хүртэл эхнэр болгон өгнө гэв.

13. Калебын дүү Кеназын хөвгүүн болох Отниел түүнийг эзэлсэн тул Калеб түүнд охин Ахсагаа эхнэр болгон өгөв.

14. Охин түүн дээр очиход, түүнийг эцгээсээ тариалангийн талбай гуй хэмээн ятгав. Охин илжигнээсээ буусанд, Калеб түүнээс—Чи юу хүсэв? хэмээн асуув.

15. Тэр түүнд—Надад ерөөлөө хайрлаач. Нэгэнт надад Негевийн нутгийг өгснөөс хойш мөн булгуудыг нь өгөөч гэв. Тийнхүү Калеб дээд, доод булгуудыг түүнд өгөв.

16. Мосегийн хадам эцэг Кен хүний удмынхан Иудагийн хөвгүүдтэй хамт Далдуу хотоос Арадын өмнө оршдог Иудагийн цөл уруу яван, хүмүүстэй нь хамт амьдран суув.

17. Иуда ах Симеонтой хамт явж, Зефатад амьдарч байгаа канаанчуудыг цохиж алаад, хотыг бүрмөсөн устгав. Ийнхүү тэр хот Хорма гэж нэрлэгдэх болов.

18. Газ, Ашкелон, Екроныг хязгаар нутгуудынх нь хамт Иуда авав.

19. ЭЗЭН Иудатай хамт байсан ба тэд уулархаг нутгийг эзлэн авав. Гэвч тал хөндийн хүмүүс төмөр тэрэгтэй байсан тул тэднийг хөөн зайлуулж чадсангүй.

20. Тэгээд Мосегийн амласан ёсоор тэд Хеброныг Калебт өгсөнд, тэр Анакийн гурван хөвгүүнийг тэднээс хөөж зайлуулав.

21. Харин Бениамины хөвгүүд Иерусалимд оршин сууж байсан иебусчуудыг хөөгөөгүй учраас иебусчууд энэ өдрийг хүртэл Бениамины хөвгүүдийн хамт Иерусалимд амьдрав.

22. Үүнтэй адил Иосефын гэрийнхэн Бетелийн эсрэг дайрахад, ЭЗЭН тэдэнтэй хамт байв.

23. Иосефын гэрийнхэн Бетелийг тагнав. (Энэ хотын нэрийг урьд нь Луз гэдэг байжээ).

24. Хотоос нэгэн хүнийг гарч ирэхийг туршуулууд хараад, түүнд “Бидэнд хотын орох хаалгыг зааж өгөөч, тэгвэл бид чамд энэрэнгүй хандах болно” гэв.

25. Хотын орох хаалгыг тэр зааж өгөхөд, тэд илдний ирээр хотыг устгав. Харин өнөөх эрийг бүх гэр бүлийнх нь хамт чөлөөлөв.

26. Тэр хүн хитчүүдийн нутагт очин, нэгэн хот барьж, түүнийгээ Луз гэж нэрлэв. Тэр нь энэ өдрийг хүртэл ийнхүү нэрлэгддэг.

бүрэн бүлгийг уншина уу Шүүгчид 1