Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Шастирын Дээд 29:13-24 Ариун Библи, 2004 (АБ2004)

13. Иймээс одоо, Бурхан минь ээ, бид Танд талархаж, Таны цог жавхлант нэрийг магтъя.

14. Би хэн болоод, миний ард түмэн хэн болоод ийнхүү харамгүйгээр өргөж чадсан бэ? Учир нь бүх зүйл Танаас ирдэг бөгөөд Таны мутраас авснаа бид Танд өргөсөн юм.

15. Учир нь бид Таны өмнө түр оршин суух хүмүүс бөгөөд өөрсдийн бүх эцэг өвгөдийнхөө адил хөлслөн суугчид билээ. Дэлхий дээрх бидний өдрүүд сүүдэртэй адил бөгөөд ямар ч найдвар алга.

16. Өө, бидний Бурхан ЭЗЭН, Таны ариун нэрийн төлөө Танд өргөө барихаар бидний бэлтгэсэн энэ үлэмж их юмс бүгдээрээ Таны мутраас ирсэн бөгөөд эд бүгд Таных болой.

17. Өө, Бурхан минь, Та хүний зүрхийг тандан мэдэж, цэх шулуун байдлыг таалан соёрхдог гэдгийг би нэгэнт мэддэг учир би чин үнэнч зүрхээрээ эдгээр бүх зүйлийг сайн дураараа өргөсөн юм. Тиймээс одоо энд байгаа Таны ард түмэн Танд сайн дураараа өргөлүүдээ өргөж байгааг хараад би баярлаж байна.

18. Бидний эцэг өвгөд болох Абрахам, Исаак, Израилийн Бурхан, ЭЗЭН, Өөрийн ард түмний зүрх сэтгэлийг үүрд иймээр нь хадгалан, тэдний сэтгэлийг Өөр уруугаа хандуулаач.

19. Миний хүү Соломонд бүрэн төгс зүрх сэтгэлийг өгч, Таны тушаалууд, гэрчлэлүүд болон зарлигуудыг сахиулан, тэр бүгдийг үйлдүүлж, миний бэлтгэсэн зүйлсээр сүмийг бариулаач хэмээв.

20. Тэгээд Давид бүх чуулганд—Өөрсдийн Бурхан ЭЗЭНийг одоо магтагтун хэмээсэнд бүх чуулган нь эцэг өвгөдийнхөө Бурхан болох ЭЗЭНийг магтан, сөгдөн мөргөж, ЭЗЭНд болон хаанд хүндлэл үзүүлэв.

21. Дараа өдөр нь тэд ЭЗЭНд тахил өргөж, мянган бух, мянган хуц, мянган хургыг дарсных нь өргөл болон тахилуудтай нь хамт бүх Израилийн төлөө хангалттайгаар шатаалт тахил болгон өргөлөө.

22. Ийнхүү тэд тэр өдөртөө ЭЗЭНий өмнө баяртайгаар идэж, ууцгаав. Тэд Давидын хүү Соломоныг хоёр дахь удаагаа хаанаар өргөмжлөн, түүнийг ЭЗЭНий өмнө удирдагч болгон, Задокийг тахилчаар томилжээ.

23. Дараа нь Соломон өөрийн эцэг Давидын оронд хаан болж, ЭЗЭНий өгсөн сэнтийд залрав. Тэрээр хөгжин дэвшсэн бөгөөд бүх Израиль түүнийг дуулгавартай дагав.

24. Бүх түшмэд, хүчирхэг эрс, мөн Давид Хааны бүх хөвгүүд ч Соломон Хаанд үнэнч байхаа тангараглалаа.

бүрэн бүлгийг уншина уу Шастирын Дээд 29