Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Шастирын Дээд 21:1-8 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Дараа нь Сатан Израилийн эсрэг босоод, Израилийг тоолуулахаар Давидыг хөдөлгөв.

2. Тиймээс Давид Иоаб болон ард түмний ноёдод хандан—Явж, Бершебаагаас Дан хүртэлх израильчуудыг тоолж, тэдний тоог надад мэдэгдэгтүн хэмээв.

3. Иоаб—ЭЗЭН Өөрийн ард түмнээ одоо байгаагаас нь зуу дахин өсгөх болтугай! Харин хаан эзэн минь, тэд чинь бүгдээрээ эзний минь боолууд биш гэж үү? Юунд миний эзэн энэ зүйлийг хийхээр хүсэмжилнэ вэ? Яагаад тэр Израильд гэм бурууг учруулах ёстой юм бэ? гэв.

4. Гэсэн хэдий ч хааны зарлиг Иоабын үгнээс хүчтэй байв. Тиймээс Иоаб хөдлөн, Израиль даяар явж, Иерусалимд ирэв.

5. Бүх ард түмний тооллогын мэдээг Иоаб Давидад өгчээ. Илд агссан Израилийн эрчүүд бүгд нэг сая нэг зуун мянга байсан ба илд агссан Иудагийн эрчүүд дөрвөн зуун далан мянга байв.

6. Гэхдээ хааны тушаал Иоабын жигшлийг төрүүлсэн тул тэрээр тэдний дунд Леви, Бениаминыг тоолсонгүй.

7. Бурханд энэ зүйл таалагдаагүй бөгөөд Тэр Израилийг цохив.

8. Давид Бурханд—Би үүнийг хийснээрээ асар их нүгэл үйлдлээ. Гэвч одоо боолынхоо гэм бурууг өршөөгөөч. Учир нь би маш тэнэг мулгуу зүйл үйлдсэн юм хэмээв.

бүрэн бүлгийг уншина уу Шастирын Дээд 21