Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Шастирын Дээд 17:14-27 Ариун Библи, 2004 (АБ2004)

14. Гэвч Би түүнийг Өөрийн өргөө, Өөрийн хаанчлалд мөнхөд суулган, түүний хаан ширээ мөнхөд тогтох болно» хэмээв” гэв.

15. Эдгээр бүх үгс ба энэ үзэгдлийн дагуу Натан Давидад хэлжээ.

16. Тэгээд Давид хаан явж, ЭЗЭНий өмнө суугаад,—ЭЗЭН Бурхан минь, би хэн болон миний гэр юу болоод Та намайг энэ хүртэл авчирсан юм бэ?

17. Бурхан минь, энэ нь Таны мэлмийд өчүүхэн зүйл байсан боловч Та Өөрийн боолын гэрт ирж буй агуу үеийн тухай айлдаж, эрхэм дээд хүний хэмжүүрийн дагуу надад хандлаа, Бурхан ЭЗЭН минь.

18. Таны боолд өгөгдсөн хүндлэлийн талаар Давид Танд өөр илүү юу хэлж чадах билээ? Учир нь Та Өөрийн боолоо мэдэх билээ.

19. Өө, ЭЗЭН минь, Өөрийн боолын төлөө болоод Өөрийнхөө зүрх сэтгэлийн дагуу эдгээр бүх аугаа зүйлсийг мэдүүлэхийн тулд Та энэ бүх агуу зүйлсийн учир шалтгаан болжээ.

20. Өө, ЭЗЭН минь, бид чихээрээ сонссон бүгдийн дагуу Тантай адил хэн ч байхгүй бөгөөд Танаас өөр ямар ч Бурхан байхгүй билээ.

21. Энэ газар дээр ямар үндэстэн нь Таны ард түмэн Израильтай адил вэ? Бурхан тэднийг ард түмэн болгон Өөртөө аврахаар явж, Египетээс авран гаргасан Өөрийн хүмүүсийн өмнөөс үндэстнүүдийг хөөн зайлуулсан үйлдэл доторх аугаа, аймшигт зүйлсээр Өөртөө нэр алдрыг авчээ.

22. Учир нь Таны бүтээсэн Таны ард түмэн Израиль нь мөнхөд Таных бөгөөд Өө ЭЗЭН, Та тэдний Бурхан болжээ.

23. Өө ЭЗЭН, Өөрийн боол ба түүний гэрийн талаар Таны айлдсан үгийг мөнхөд тогтоож, айлдсанаараа хийгээрэй.

24. Таны нэр мөнхөд тогтоогдон өргөмжлөгдөж, “Түмэн цэргийн ЭЗЭН бол Израилийн Бурхан, Израильд хамаарах Бурхан билээ. Таны боол Давидын гэр ч Таны өмнө баттай зогсжээ” хэмээн хэлэгдэх болтугай.

25. Бурхан минь ээ, Та Өөрийн боолдоо зориулан гэрийг барьж өгнө гэдгийг түүнд илчлэн үзүүлсэн тул Таны боол Таны өмнө залбирах зоригийг авсан билээ.

26. ЭЗЭН, Та Бурхан мөн бөгөөд эдгээр сайн зүйлийг Өөрийн боолд амласан билээ.

27. Тэгэхээр энэ нь Таны өмнө мөнхөд үргэлжлэхийн тулд одоо Өөрийн боолын гэрийг ерөөх нь Таны таалалд нийцжээ. Учир нь ЭЗЭН минь, Та ерөөсөн бөгөөд энэ бол мөнхийн ерөөл билээ гэв.

бүрэн бүлгийг уншина уу Шастирын Дээд 17