Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Шастирын Дэд 9:8-19 Ариун Библи, 2004 (АБ2004)

8. Таны Бурхан ЭЗЭНий төлөө таныг Өөрийн сэнтийд залснаараа таныг таалсан Таны Бурхан ЭЗЭН магтагдах болтугай. Таны Бурхан израильчуудыг мөнхөд тогтоон, хайрласан учир цэх шулуун, зөв шударга байдлыг засаглуулахын тулд таныг хаан болгосон ажээ гэж хэлэв.

9. Тэгээд тэрээр хаанд зуун хорин талант алт, маш их хэмжээний амтлагч болон эрдэнийн чулуунуудыг бэлэглэв. Шебагийн хатан хаанаас Соломон хаанд бэлэглэсэн шиг тийм их амтлагч хэзээ ч байгаагүй билээ.

10. Офироос алт тээн авчирсан Хурамын зарц нар болон Соломоны зарц нар мөн улаан мод, эрдэнэсийн чулуунуудыг авч ирэв.

11. Хаан улаан модоор ЭЗЭНий өргөө болон хааны ордны шатнуудыг, мөн дуучдад зориулан ятга ба босоо ятгуудыг хийв. Тэдгээртэй адил зүйлсийг урд өмнө Иуда нутагт хараагүй билээ.

12. Соломон хаан Шебагийн хатан хаанд түүний авчирсан бэлгийн хариуд бэлэг бэлдсэнээс гадна түүний хүссэн бүхнийг өгчээ. Тэгээд хатан хаан эргэж, өөрийн зарц нарын хамт төрөлх нутаг уруугаа буцлаа.

13. Нэг жилд Соломоны хүлээн авдаг байсан алтны жин нь зургаан зуун жаран зургаан талант байв.

14. Дээрх алт нь худалдаачид, наймаачдын авчирч байсан алтнаас гадна байв. Мөн Арабын бүх хаад болон орон нутгийн захирагчид Соломонд алт мөнгө авчирдаг байв.

15. Соломон хаан давтмал алтаар хоёр зуун том бамбай хийсэн бөгөөд том бамбай бүрд зургаан зуун шекел давтмал алт оржээ.

16. Тэрээр давтмал алтаар гурван зуун бамбай хийж, бамбай бүрд гурван зуун шекел алт ашигласан бөгөөд хаан эдгээрийг Ливаны ойн гэртээ хадгалав.

17. Үүнээс гадна хаан зааны ясаар асар том сэнтий урлан, түүнийг шижир алтаар бүрэв.

18. Сэнтий нь зургаан гишгүүртэй, түүнд залгаа алтадсан хөлийн тавиуртай, мөн суудлын хоёр талд түшлэгтэй бөгөөд түшлэг бүрийн хажууд тус тус арслангийн баримал байв.

19. Зургаан гишгүүрийн хоёр захад хоёр арслангийн барималтай буюу нийт арван хоёр арслангийн баримал тавиастай байжээ. Өөр ямар ч хаант улсад үүний адил зүйл урлаж байсангүй.

бүрэн бүлгийг уншина уу Шастирын Дэд 9