Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Шастирын Дэд 9:19-31 Ариун Библи, 2004 (АБ2004)

19. Зургаан гишгүүрийн хоёр захад хоёр арслангийн барималтай буюу нийт арван хоёр арслангийн баримал тавиастай байжээ. Өөр ямар ч хаант улсад үүний адил зүйл урлаж байсангүй.

20. Соломон хааны жүнз болон хундаганууд бүгд алтан бөгөөд Ливаны ойн ордны бүх сав суулга шижир алтаар хийгдсэн байв. Соломоны өдрүүдэд мөнгө үнэ цэнэтэйд тооцогддоггүй байв.

21. Хурамын зарц нарын хамт Таршиш уруу аялдаг хөлөг онгоцнууд хаанд байв. Гурван жилд нэг удаа Таршишийн хөлөг онгоцнууд алт, мөнгө, зааны яс, сармагчин, тогос тээн авчирдаг байжээ.

22. Ийнхүү Соломон хаан эд баялаг, мэргэн ухаанаараа дэлхийн бүх хаанаас үлэмж агуу болов.

23. Бурхан түүний зүрхэнд өгсөн билиг ухааныг нь сонсох гэж дэлхийн бүх хаад Соломонд бараалхахыг хүсэмжилдэг байлаа.

24. Ирж буй хүн бүр өөрийн бэлэг болох алт, мөнгөн эдлэл, хувцас, зэвсэг, амтлагч, морьд, луусыг авчирч байсан бөгөөд энэ нь жилээс жилд нэмэгдсээр байлаа.

25. Соломон морьд, тэрэгнүүдэд зориулсан дөрвөн мянган жүчээтэй, мөн арван хоёр мянган морьтонтой байв. Тэрээр тэднийг тэрэгт цэргийн хотууд болон хааны хамт Иерусалим хотод хуваарилан байрлуулжээ.

26. Евфрат мөрнөөс филистчүүдийн нутаг хүртэл, цаашилбал Египетийн хил хүртэлх бүх хаадыг Соломон захирдаг байв.

27. Хаан мөнгийг Иерусалимд чулуу шиг ердийн зүйл болгож, хуш модыг нам доор газрын инжрийн мод шиг элбэг болгосон билээ.

28. Египет болон бүх орнуудаас тэд Соломонд морьд авчирдаг байлаа.

29. Соломоны бусад үйлсийг, эхнээс нь дуустал нь эш үзүүлэгч Натаны тэмдэглэлд, шилон хүн Ахиагийн эш үзүүллэгт болон Небатын хүү Иеробоамын талаар үзмэрч Иддогийн харсан үзэгдлүүдэд бичээгүй гэж үү?

30. Соломон дөчин жил Иерусалимд бүх Израилийг захирлаа.

31. Соломон эцэг өвгөдийнхөө хамт нойрсож, өөрийн эцэг Давидын хотод оршуулагджээ. Түүний хүү Рехобоам түүний оронд хаанчлав.

бүрэн бүлгийг уншина уу Шастирын Дэд 9