Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Шастирын Дэд 9:12-22 Ариун Библи, 2004 (АБ2004)

12. Соломон хаан Шебагийн хатан хаанд түүний авчирсан бэлгийн хариуд бэлэг бэлдсэнээс гадна түүний хүссэн бүхнийг өгчээ. Тэгээд хатан хаан эргэж, өөрийн зарц нарын хамт төрөлх нутаг уруугаа буцлаа.

13. Нэг жилд Соломоны хүлээн авдаг байсан алтны жин нь зургаан зуун жаран зургаан талант байв.

14. Дээрх алт нь худалдаачид, наймаачдын авчирч байсан алтнаас гадна байв. Мөн Арабын бүх хаад болон орон нутгийн захирагчид Соломонд алт мөнгө авчирдаг байв.

15. Соломон хаан давтмал алтаар хоёр зуун том бамбай хийсэн бөгөөд том бамбай бүрд зургаан зуун шекел давтмал алт оржээ.

16. Тэрээр давтмал алтаар гурван зуун бамбай хийж, бамбай бүрд гурван зуун шекел алт ашигласан бөгөөд хаан эдгээрийг Ливаны ойн гэртээ хадгалав.

17. Үүнээс гадна хаан зааны ясаар асар том сэнтий урлан, түүнийг шижир алтаар бүрэв.

18. Сэнтий нь зургаан гишгүүртэй, түүнд залгаа алтадсан хөлийн тавиуртай, мөн суудлын хоёр талд түшлэгтэй бөгөөд түшлэг бүрийн хажууд тус тус арслангийн баримал байв.

19. Зургаан гишгүүрийн хоёр захад хоёр арслангийн барималтай буюу нийт арван хоёр арслангийн баримал тавиастай байжээ. Өөр ямар ч хаант улсад үүний адил зүйл урлаж байсангүй.

20. Соломон хааны жүнз болон хундаганууд бүгд алтан бөгөөд Ливаны ойн ордны бүх сав суулга шижир алтаар хийгдсэн байв. Соломоны өдрүүдэд мөнгө үнэ цэнэтэйд тооцогддоггүй байв.

21. Хурамын зарц нарын хамт Таршиш уруу аялдаг хөлөг онгоцнууд хаанд байв. Гурван жилд нэг удаа Таршишийн хөлөг онгоцнууд алт, мөнгө, зааны яс, сармагчин, тогос тээн авчирдаг байжээ.

22. Ийнхүү Соломон хаан эд баялаг, мэргэн ухаанаараа дэлхийн бүх хаанаас үлэмж агуу болов.

бүрэн бүлгийг уншина уу Шастирын Дэд 9