Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Шастирын Дэд 9:1-9 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Шебагийн хатан хаан Соломоны алдар сууг сонсоод, бэрх хүнд асуултаар Соломоныг сорьж үзэхийн тулд Иерусалимд иржээ. Түүнд асар олон шивэгчингүүд, амттан болон их хэмжээний алт, эрдэнэсийн чулуунуудыг тэгнүүлсэн тэмээнүүд байв. Тэрээр Соломон уруу ирсэн хойно зүрх сэтгэлдээ байсан бүгдийн тухай түүнтэй ярилцсан юм.

2. Соломон түүний бүх асуултад хариулжээ. Соломоноос нууцлагдсан, хатанд тайлбарлаж өгөөгүй нэг ч зүйл үлдсэнгүй.

3. Шебагийн хатан хаан нь Соломоны мэргэн ухаан, түүний барьсан ордон,

4. хааны ширээн дэх хоол, түшмэдийнх нь сууж буй байдал, сайд нарынх нь ажил, тэдний өмссөн ёслолын хувцас, сөнч нар болон тэдний өмсгөл, ЭЗЭНий өргөөнд ордог шатыг хараад бахдан алмайрчээ.

5. Тэгээд тэрээр хаанд—Таны үгс болон таны мэргэн ухааны талаар өөрийн нутагт байхдаа сонссон мэдээ үнэхээр үнэн байжээ.

6. Гэсэн ч би өөрөө ирж, үүнийг нүдээрээ үзэх хүртлээ тэдний үгэнд итгээгүй юм. Харагтун, миний сонссон зүйл бол таны мэргэн ухааны хагас хугас нь л байж. Таны тухай миний сонссон мэдээнээс энэ нь илүү ажээ.

7. Таны ард түмэн, таны өмнө үргэлж зогсож, мэргэн ухааныг тань сонордох таны түшмэд ямар ерөөлтэй хүмүүс вэ!

8. Таны Бурхан ЭЗЭНий төлөө таныг Өөрийн сэнтийд залснаараа таныг таалсан Таны Бурхан ЭЗЭН магтагдах болтугай. Таны Бурхан израильчуудыг мөнхөд тогтоон, хайрласан учир цэх шулуун, зөв шударга байдлыг засаглуулахын тулд таныг хаан болгосон ажээ гэж хэлэв.

9. Тэгээд тэрээр хаанд зуун хорин талант алт, маш их хэмжээний амтлагч болон эрдэнийн чулуунуудыг бэлэглэв. Шебагийн хатан хаанаас Соломон хаанд бэлэглэсэн шиг тийм их амтлагч хэзээ ч байгаагүй билээ.

бүрэн бүлгийг уншина уу Шастирын Дэд 9