Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Шастирын Дэд 6:5-16 Ариун Библи, 2004 (АБ2004)

5. “Би Өөрийн ард түмнээ Египетийн газраас удирдан гаргасан өдрөөс хойш Өөрийн нэрийг байлгахаар өргөөг бариулахын тулд Израилийн бүх овгоос нэг ч хотыг Би сонгоогүй, мөн Миний ард түмэн болох Израилийг удирдах ямар ч хүнийг Би сонгоогүй юм.

6. Харин Би Өөрийн нэрийг тавихын тулд Иерусалимыг сонгож, Өөрийн ард түмэн Израилийг захируулахын тулд Давидыг сонгосон билээ” хэмээсэн юм.

7. Израилийн Бурхан болох ЭЗЭНий нэр алдрын төлөө өргөө барих гэсэн сэтгэл миний эцэг Давидын зүрхэнд байсан.

8. Харин ЭЗЭН миний эцэг Давидад хэлэхдээ “Миний нэр алдрын төлөө өргөө барих сэтгэл чиний зүрхэнд байсан учир маш сайн байна.

9. Гэсэн ч тэр өргөөг чи босгохгүй, харин чамд төрөх чиний хүү Миний нэр алдрын төлөө уг өргөөг барих болно” гэсэн билээ.

10. Өөрийн хэлсэн үгээ ЭЗЭН сая биелүүллээ. Учир нь ЭЗЭН амласны дагуу би өөрийн эцэг Давидын оронд өсөн гарч, Израилийн хаан ширээнд заларч, мөн Израилийн Бурхан болох ЭЗЭНий нэр алдрын төлөө өргөө барьлаа.

11. Израилийн хөвгүүдтэй ЭЗЭНий байгуулсан гэрээг хадгалсан авдрыг би энд залав хэмээв.

12. Дараа нь Соломон Израилийн бүх чуулганы өмнө, ЭЗЭНий тахилын ширээний урд зогсоод, гараа сунгав.

13. Соломон таван тохой урт, таван тохой өргөн, гурван тохой өндөр хүрэл тавцан хийгээд, хашааны голд байрлуулсан байжээ. Тэрээр тавцангийн дээр гарч, Израилийн бүх чуулганы өмнө өвдөг сөгдөн, тэнгэр өөд гараа сунгав.

14. Тэрээр—Израилийн Бурхан болох ЭЗЭН, бүх зүрх сэтгэлээрээ Таны өмнө алхдаг Өөрийн боолууддаа хайр энэрлээ үзүүлэн, гэрээгээ сахин хадгалдаг Тантай адил бурхан тэнгэрт ба газар дээр үгүй билээ.

15. Та Өөрийн боол миний эцэг Давидад амласнаа сахисан. Үнэхээр Та Өөрийн амаараа хэлснээ энэ өдөр Өөрийнхөө мутраар биелүүлэв.

16. Тиймээс одоо, Израилийн Бурхан болох ЭЗЭН Өөрийн боол миний эцэг Давидад “Хэрэв чиний хөвгүүд өөрсдийн замууддаа анхаарч, Миний өмнө чиний амьдарсан шиг Миний хууль дотор замнах аваас, Израилийн хаан ширээнд суух хүн чамд тасрахгүй байх болно” гэж амласнаа сахина уу.

бүрэн бүлгийг уншина уу Шастирын Дэд 6