Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Шастирын Дэд 36:1-10 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Тэгээд тэр газрын ард түмэн Иосиагийн хүү Иоахазыг авч, эцгийнх нь оронд Иерусалимд хаан болгон өргөмжлөв.

2. Иоахаз хаан болохдоо хорин гурван настай байсан бөгөөд тэрээр Иерусалимд гурван сар хаанчилжээ.

3. Дараа нь Египетийн хаан Иерусалимд түүнийг хаан ширээнээс буулган авч, газар нутагт нь зуун талант мөнгө, нэг талант алтны хэмжээтэй торгууль ногдуулав.

4. Египетийн хаан, түүний ах Елиакимыг Иуда ба Иерусалимын хаан болгож, түүний нэрийг Иехоиаким болгон өөрчилжээ. Харин дүү Иоахазыг нь Неко аваад Египетэд аваачив.

5. Иехоиаким хаан болохдоо хорин таван настай байсан бөгөөд Иерусалимд арван нэгэн жил хаанчлав. Тэрээр өөрийн Бурхан ЭЗЭНий мэлмийд бузар мууг үйлдсэн билээ.

6. Вавилоны хаан Небухаднезар түүний эсрэг довтлон ирж, түүнийг Вавилон уруу авч явахаар хүрэл гинжээр хүлэв.

7. Небухаднезар бас ЭЗЭНий өргөөний эд зүйлсээс Вавилон уруу аваачаад, тэдгээрийг Вавилон дахь сүмдээ тавив.

8. Иехоиакимын бусад үйлс, түүний хийсэн бузар зүйлс, түүний эсрэг олдсон бүх юмс, харагтун, тэдгээр нь Израиль ба Иудагийн Хаадын Номд бичигдсэн юм. Түүний хүү Иехоиахин түүний оронд хаан болжээ.

9. Иехоиахин хаан болохдоо найман настай байж, Иерусалимд гурван сар арван өдөр хаанчилсан бөгөөд тэрээр ЭЗЭНий мэлмийд бузар мууг үйлдэв.

10. Дараа жилийн эхэнд Небухаднезар хаан хүн илгээн, түүнийг Вавилон уруу авчирч ЭЗЭНий өргөөний үнэт хэрэглэлийн хамт авчирсан бөгөөд түүний авга болох Зедекиаг Иуда ба Иерусалимын хаан болгов.

бүрэн бүлгийг уншина уу Шастирын Дэд 36