Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Шастирын Дэд 34:17-30 Ариун Библи, 2004 (АБ2004)

17. Тэд бас ЭЗЭНий өргөөнөөс олдсон мөнгийг хоослон гаргаж, түүнийг хянагчид болон ажилчдын гарт даатгав гэв.

18. Үүнээс гадна гүүш Шафан хаанд хэлэхдээ—Тахилч Хилкиа надад нэг ном өгсөн гэв. Шафан уг номоос хааны өмнө уншжээ.

19. Хаан тэрхүү хуулийн үгсийг сонсоод өөрийн хувцсаа урав.

20. Дараа нь Хилкиа, Шафаны хүү Ахикам, Микагийн хүү Абдон, гүүш Шафан болон хааны зарц Асаиа нарт хаан тушаахдаа—

21. Явцгааж, миний төлөө болон Израиль ба Иудад үлдсэн хүмүүсийн төлөө олдсон номын үгсийн талаар ЭЗЭНээс асуугтун. Энэ номд бичигдсэн бүхний дагуу үйлдэхээр ЭЗЭНий үгийг бидний эцэг өвгөд сахиагүй учраас бидний дээр асгарсан ЭЗЭНий уур хилэн агуу ажээ гэв.

22. Тэгээд Хилкиа болон хааны илгээсэн хүмүүс Шаллумын эхнэр эш үзүүлэгч эмэгтэй Хулда уруу явав. Шаллум нь Хасрагийн ач, Токхатын хүү бөгөөд хувцасны агуулахын сахиул юм. (Хулда Иерусалимд хоёрдугаар дүүрэгт амьдардаг байв). Тэд мөнөөх зүйлийн талаар түүнтэй ярилцжээ.

23. Тэрээр тэдэнд—Израилийн Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. “Та нарыг Над уруу илгээсэн хүнд хэлэгтүн.

24. ЭЗЭН айлдахдаа «Үзэгтүн, Би энэ газар болон эндхийн оршин суугчид дээр гай гамшгийг буулгана. Тэр нь Иудагийн хааны өмнө тэдний уншсан тэрхүү номд бичигдсэн бүх хараал юм.

25. Яагаад гэвэл тэд Намайг умартан, өөр бурхдад утлага уугиулж, өөрсдийн гарын бүх ажлаар Намайг уурлуулсан билээ. Тиймээс Миний уур хилэнг энэ газар дээр цутгах бөгөөд унтраахгүй» гэж байна” хэмээв.

26. Харин ЭЗЭНээс асуулгахаар та нарыг илгээсэн Иудагийн хаанд та нар үүнийг хэлэх болно. “Чиний сонссон үгсийг Израилийн Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна.

27. «Чиний зүрх зөөлөн байж, энэ газар болон эндхийн оршин суугчдын эсрэг хэлсэн Түүний үгсийг сонсоод Бурханы өмнө чи өөрийгөө даруу болгосон бөгөөд Миний өмнө чи өөрийгөө даруу болгож, хувцсаа уран, Миний өмнө уйлсан учир Би чамайг үнэхээр сонслоо» гэж ЭЗЭН тунхаглаж байна.

28. «Үзэгтүн, Би чамайг чиний эцэг өвгөд уруу аваачин, чи булшиндаа амар тайвнаар очих болно. Энэ газар болон эндхийн оршин суугчид дээр Миний авчрах бүх гай гамшгийг чиний нүд үзэхгүй» гэсэн” гэх болно гэв. Тэд хариу үгийг хаанд дамжуулав.

29. Хаан дараа нь хүн илгээж, Иуда болон Иерусалимын бүх ахмадуудыг цуглуулав.

30. Хаан ба Иудагийн бүх эрчүүд, Иерусалимын оршин суугчид, тахилч нар, левичүүд болон хамгийн агуугаас хамгийн бага хүртэлх бүх ард түмэн ЭЗЭНий өргөө уруу явав. ЭЗЭНий өргөөнөөс олдсон гэрээний номын бүх үгсийг тэдний сонсголд хаан уншив.

бүрэн бүлгийг уншина уу Шастирын Дэд 34