Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Шастирын Дэд 34:1-18 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Иосиа хаан болохдоо найман настай байсан бөгөөд Иерусалимд гучин нэгэн жил хаанчлав.

2. Тэрээр ЭЗЭНий мэлмийд зөвийг үйлдэн, өөрийн өвөг эцэг Давидын замаар замнасан бөгөөд зүүн, баруун тийш хазайсангүй.

3. Хаанчлалынхаа найм дахь жилд, залуухан байхдаа тэрээр өвөг эцэг Давидынхаа Бурханыг эрэлхийлж эхлэв. Арван хоёр дахь жилд тэрээр Иуда болон Иерусалимыг мөргөлийн өндөрлөгүүд, Ашерагийн модон шон болон сийлмэл, цутгамал хөргүүдээс цэвэрлэж эхэлсэн юм.

4. Тэд түүний өмнө Баалуудын тахилын ширээнүүдийг нурааж, өндөрт байрлуулсан утлагын тахилын ширээнүүдийг тэр цавчин унагав. Бас Ашерагийн модон шон, сийлмэл болон цутгамал хөргүүдийг тэрээр хэсэглэн бутлаад, нунтаг болтол үйрүүлэн, тэдгээрт тахил өргөж байсан хүмүүсийн булшнууд дээгүүр тараав.

5. Тэгээд тэрээр тахилч нарын ясыг тахилын ширээнүүд дээр нь шатааж, Иуда болон Иерусалимыг цэвэршүүлэв.

6. Манассе, Ефраим, Симеоны хотуудад болон Нафталийг хүртэл, эргэн тойрных нь балгаснуудад ч гэсэн

7. тэр тахилын ширээнүүдийг нурааж, Ашерагийн модон шон болон сийлмэл шүтээнүүдийг нунтаглан бутлаад, Израиль газар нутаг даяар утлагын тахилын ширээнүүдийг цавчин хаяв. Тэгээд тэрээр Иерусалим уруу буцав.

8. Тэрээр газар нутаг болон өргөөг цэвэрлэсэн байх үед буюу хаанчлалынхаа арван найм дахь жилд өөрийн Бурхан ЭЗЭНий өргөөг засварлуулахаар тэрээр Азалиагийн хүү Шафан, хотын түшмэл Маасеиа, хэрэг хөтлөгч Иоахазын хүү Иоа нарыг илгээв.

9. Тэд тэргүүн тахилч Хилкиа уруу очоод, Бурханы өргөө уруу авчирсан мөнгийг тушаажээ. Уг мөнгийг левичүүд болох хаалганы сахиулууд Манассе, Ефраим болон Израилийн бүх үлдэгсдээс, мөн бүх Иуда, Бениамин болон Иерусалимын оршин суугчдаас цуглуулсан байв.

10. Тэд уг мөнгийг ЭЗЭНий өргөөг хариуцан ажиллаж буй хүмүүсийн гарт өгсөн бөгөөд ЭЗЭНий өргөөнд ажиллаж байсан ажилчид өргөөг сэргээн барьж, засварлахад хэрэглэсэн юм.

11. Тэр мөнгийг тэд зассан чулуу, залгахад ашиглах гуалинг худалдаж авахад, мөн Иудагийн хаадын сүйрэлд хүргэсэн барилгуудад дүнзнүүд хийхэд зориулж мужаанууд, барилгачдад эргүүлэн өгчээ.

12. Хүмүүс нь ажлаа итгэлтэйгээр хийв. Тэднийг хянаж байсан даамлууд нь Мерарийн хөвгүүдээс гаралтай левичүүд болох Иахат, Обадиа нар, Кохатын хөвгүүдээс гаралтай Зехариа, Мешуллам нар болон бүгдээрээ хөгжмийн зэмсэгт гарамгай хүмүүс болох левичүүд байв.

13. Тэд бас хүнд юм зөөгчдийг хариуцаж, мэргэжил бүрийн бүх ажилчдыг хянаж байв. Левичүүдээс зарим нь гүүш, түшмэд болон дааман хаалганы сахиулуудын үүргийг гүйцэтгэж байв.

14. ЭЗЭНий өргөөн дотор хийсэн байсан мөнгийг тэд авчирч байх үед Мосегээр дамжуулан өгсөн ЭЗЭНий хуулийн номыг тахилч Хилкиа олжээ.

15. Хилкиа хариулан гүүш Шафанд—Би ЭЗЭНий өргөөнд хуулийн ном оллоо гэв. Хилкиа тэр номыг Шафанд өгчээ.

16. Тэгээд Шафан номыг хаанд авчран, түүнд цаашлуулан мэдээлэхдээ—Таны зарц нарт даалгагдсан бүхнийг тэд гүйцэтгэж байгаа.

17. Тэд бас ЭЗЭНий өргөөнөөс олдсон мөнгийг хоослон гаргаж, түүнийг хянагчид болон ажилчдын гарт даатгав гэв.

18. Үүнээс гадна гүүш Шафан хаанд хэлэхдээ—Тахилч Хилкиа надад нэг ном өгсөн гэв. Шафан уг номоос хааны өмнө уншжээ.

бүрэн бүлгийг уншина уу Шастирын Дэд 34