Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Шастирын Дэд 32:8-23 Ариун Библи, 2004 (АБ2004)

8. Түүнтэй хамт зөвхөн махан гар, харин бидэнтэй хамт бидэнд туслах болон тулалдаанд минь байлдах бидний Бурхан ЭЗЭН байна гэв. Тэгээд ард түмэн Иудагийн хаан Хезекиагийн үгэнд найджээ.

9. Үүний дараа Ассирийн хаан Сеннахериб Лахиш хотыг бүх цэргийн хүчээрээ бүслэн байх үедээ Иерусалим уруу өөрийн зарц нарыг Иудагийн хаан Хезекиа болон Иерусалимд байсан бүх иудачуудын эсрэг илгээж,—

10. Ассирийн хаан Сеннахериб ийн хэлж байна. “Та нар юунд итгэж, бүслэгдсэн Иерусалимд үлдэнэ вэ?

11. Өөрсдийгөө өлсгөж, цангаан үхэлд хүргээсэй гэж «Бидний Бурхан ЭЗЭН биднийг Ассирийн хааны гараас аварна» хэмээн Хезекиа та нарыг төөрөгдүүлж байгаа бус уу?

12. Өнөөх Хезекиа чинь Түүний мөргөлийн өндөрлөгүүд болон тахилын ширээнүүдийг зайлуулаад, Иуда, Иерусалимд хандан «Та нар нэг тахилын ширээний өмнө мөргөж, түүн дээр л утлага уугиулах болой» гэсэн юм биш үү?

13. Би болоод миний эцэг өвгөд газар нутгийн бүх ард түмнүүдэд юу хийснийг та нар мэдэхгүй гэж үү? Тэрхүү газар нутгуудын үндэстнүүдийн бурхад миний гараас өөрийн газар нутгаа аварч чадах байсан уу?

14. Миний эцэг өвгөдийн бүрмөсөн устгасан тэдгээр үндэстнүүдийн бүх бурхдын дотроос өөрийн ард түмнээ миний гараас аварч чадах хэн байсан бэ? Тэгэхэд та нарын Бурхан та нарыг миний гараас аварч чадна гэж үү?

15. Тиймээс одоо, Хезекиад ингэж бүү мэхлэгд, бүү төөрөгд, мөн түүнд бүү итгэ. Учир нь ямар ч үндэстэн, хаанчлалын ямар ч бурхан өөрийн ард түмнээ миний гараас, эсвэл миний эцэг өвгөдийн гараас аварч чадсангүй. Тэгвэл та нарын Бурхан та нарыг миний гараас яаж аврах юм бол?” хэмээв гэж хэлүүлжээ.

16. Түүний зарц нар ЭЗЭН Бурханы эсрэг болон Түүний зарц Хезекиагийн эсрэг цаашлан ярьцгаав.

17. Тэр мөн Израилийн Бурхан ЭЗЭНийг доромжлохоор “Газар нутгуудын үндэстнүүдийн бурхад өөрсдийн ард түмнээ миний гараас аварч чадаагүй шиг, Хезекиагийн Бурхан ч гэсэн Өөрийн ард түмнийг миний гараас аварч чадахгүй” гэж Түүний эсрэг ярихаар захидлуудыг бичив.

18. Тэд хэрэм дээр байсан Иерусалимын хүмүүсийг айлган сүрдүүлэх гэж тэдэн уруу үүнийгээ иуда хэлээр чанга дуугаар хашхирав. Ингэснээр тэд хотыг авах санаатай байв.

19. Тэд Иерусалимын Бурханы тухай хүний гарын бүтээл болох дэлхийн ард түмнүүдийн бурхдын тухай ярьж байгаа юм шиг ярилаа.

20. Харин Хезекиа хаан болон Амозын хүү эш үзүүлэгч Исаиа үүний талаар залбиран, тэнгэр өөд хашхирцгаав.

21. ЭЗЭН тэнгэр элчээ илгээн, Ассирийн хааны хуаранд бүх хүчит дайчид, жанжнууд, түшмэдийг алуулжээ. Ингээд тэрээр ичгүүртэйгээр өөрийн нутаг уруугаа буцав. Тэр өөрийн бурхны сүмд орох үед өөрийнх нь хүүхдүүдийн зарим нь түүнийг тэнд нь илдээр алжээ.

22. ЭЗЭН Хезекиаг болон Иерусалимын оршин суугчдыг Ассирийн хаан Сеннахерибын гараас, мөн бусад бүхний гараас аварч, тэднийг тал бүрд нь удирджээ.

23. Олон хүмүүс Иерусалимд ирж, ЭЗЭНд бэлэг сэлт өргөн, Иудагийн хаан Хезекиад шилмэл бэлгүүдийг өргөжээ. Үүнээс хойш тэрээр бүх үндэстний өмнө өргөмжлөгдсөн билээ.

бүрэн бүлгийг уншина уу Шастирын Дэд 32