Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Шастирын Дэд 31:13-21 Ариун Библи, 2004 (АБ2004)

13. Хезекиа хаан томилсноор Иехиел, Азазиа, Нахат, Асахел, Иеримот, Иозабад, Елиел, Исмахиа, Махат, Бенаиа нар Конаниа, Шимеи нарын эрх мэдэл доор байх харгалзагчид болсон бөгөөд Бурханы өргөөнд ахлах түшмэл нь Азариа байв.

14. Зүүн талын дааман хаалганы сахиул, Леви хүн Имнагийн хүү Коре ЭЗЭНд зориулсан хандивыг болон хамгийн ариун зүйлсийг тогтоохоор Бурханд өргөх сайн дурын өргөлүүдийг хариуцдаг байв.

15. Түүний эрх мэдэл дор Еден, Миниамин, Иешуа, Шемаиа, Амариа, Шеканиа нар тахилч нарын хотуудад байж, өөрсдийн ах дүүс нарт бүлгүүдийн дагуу, том жижгийн аль алинд хувиудыг нь итгэлтэйгээр өгдөг байв.

16. Угийн бичигт тэмдэглэгдсэнийг нь үл харгалзан гучин наснаас дээших эрс буюу өдөр бүрийн үүргээ гүйцэтгэхээр ЭЗЭНий өргөөнд орж байсан хүн бүрд бүлгийнхээ дагуу гүйцэтгэсэн ажил үүргийн төлөө уг хувиуд тараагдаж байв.

17. Мөн эцгүүдийнхээ бүлүүдийн дагуу угийн бичигт тэмдэглэгдсэн тахилч нар, хорин наснаас дээших левичүүдэд, тэдний үүрэг болон бүлгүүдийн дагуу хувийг өгчээ.

18. Угийн бичгийн тэмдэглэлүүдэд бүхий л чуулганы балчир хүүхдүүд, эхнэрүүд, хөвгүүд болон охидыг багтаасан байлаа. Учир нь тэд ариун байдал дотор өөрсдийгөө итгэлтэйгээр ариусгажээ.

19. Мөн хотуудынхаа бэлчээр газрууд дахь тахилч нар болох Аароны хөвгүүдийн төлөө, эсвэл хот нэг бүрд, тахилч нарын дотроос бүх эрчүүдэд, левичүүдийн дотроос угийн бичигт тэмдэглэгдсэн хүн бүрд хувь тараах хүмүүсийг нэрсээр нь тогтоосон юм.

20. Хезекиа бүх Иуда даяар ийнхүү үйлдэв. Тэрээр өөрийн Бурхан ЭЗЭНий өмнө сайн, зөв, үнэн болох зүйлсийг хийжээ.

21. Өөрийн Бурханыг эрэлхийлэн, хууль ба тушаал дотор Бурханы өргөөний үйлчлэлд эхлүүлсэн ажил бүрээ тэрээр бүх зүрх сэтгэлээсээ хийж, амжилт олж байв.

бүрэн бүлгийг уншина уу Шастирын Дэд 31