Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Шастирын Дэд 29:25-33 Ариун Библи, 2004 (АБ2004)

25. Тэгээд Давид, мөн хааны үзмэрч Гад болон эш үзүүлэгч Натаны тушаалын дагуу тэрээр ЭЗЭНий өргөөнд левичүүдийг хэнгэрэг, босоо ятга, ятга хөгжимтэйгээр зогсоов. Учир нь ЭЗЭН эш үзүүлэгчдээр дамжуулан ийнхүү тушаасан ажээ.

26. Левичүүд Давидын хөгжмийн зэмсгүүдийг барьж, тахилч нар бүрээтэйгээ зогсоцгоов.

27. Дараа нь тахилын ширээн дээр шатаалт тахил өргөх тушаалыг Хезекиа буулгав. Шатаалт тахил эхэлмэгц, Израилийн хаан Давидын хөгжмийн зэмсгүүдийг дагалдуулсан бүрээнүүдийн хамт ЭЗЭНд өргөх дуу бас эхэллээ.

28. Бүх чуулганыг мөргөж байх зуур дуучид бас дуулж, бүрээнүүд хүнгэнэж байв. Энэ бүхэн шатаалт тахилыг дуустал үргэлжилсэн юм.

29. Шатаалт тахилуудын төгсгөлд хаан болон түүнтэй хамт байгч бүхэн мэхийн сөгдөж, мөргөцгөөв.

30. Үүнээс гадна, Давид болон үзмэрч Асафын үгсээр ЭЗЭНд магтаалуудыг дуулахыг Хезекиа хаан болон түшмэд нь левичүүдэд тушаажээ. Тэд магтаалуудыг баяр хөөртэйгөөр дуулж, мэхийн сөгдөж, мөргөв.

31. Дараа нь Хезекиа—Та нар одоо өөрсдийгөө ЭЗЭНд ариусган өргөсөн учир ойртон ирж, тахилуудыг болон талархлын өргөлүүдийг ЭЗЭНий өргөөнд авчрагтун хэмээв. Чуулган нь тахилууд болон талархлын өргөлүүдийг авчирсан бөгөөд зарим хүмүүс сайн дураараа шатаалт тахилуудыг ч авчирчээ.

32. Чуулганы авчирсан шатаалт тахилуудын тоо толгой нь далан бух, зуун хуц, хоёр зуун хурга байв. Эдгээр нь бүгд ЭЗЭНд өргөх шатаалт тахилд зориулагдсан байлаа.

33. Ариусгагдсан зүйлс нь зургаан зуун бух, гурван мянган хонь болжээ.

бүрэн бүлгийг уншина уу Шастирын Дэд 29