Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Шастирын Дэд 28:9-18 Ариун Библи, 2004 (АБ2004)

9. Харин тэнд Одед гэгч ЭЗЭНий эш үзүүлэгч байжээ. Тэрээр Самарид ирсэн цэргүүдийг угтахаар очиж, тэдэнд—Харагтун, та нарын эцэг өвгөдийн Бурхан ЭЗЭН Иудад уурласан учраас тэднийг та нарын гарт оруулсан бөгөөд та нар тэднийг тэнгэрт тулсан харгислалаар хядлаа.

10. Одоо та нар Иуда, Иерусалимын хүмүүсийг өөрсдөдөө эрэгтэй, эмэгтэй боолууд болгон захирахаар төлөвлөж байгаа. Үнэхээр ЭЗЭН Бурханыхаа эсрэг хандсан нүгэл хилэнц та нарт өөрсдөд чинь байхгүй гэж үү?

11. Иймээс одоо, намайг сонсож, ах дүүсээсээ олзлон авчирсан хүмүүсийг буцаацгаа. Юу гэвэл ЭЗЭНий шатаж буй уур хилэн та нарын эсрэг байна гэв.

12. Тэгэхэд Ефраимын хөвгүүдийн тэргүүлэгчдийн зарим нь буюу Иохананы хүү Азариа, Мешиллемотын хүү Берехиа, Шаллумын хүү Иехизкиа, Хадлаин хүү Амаса нар тулалдаанаас буцаж ирж байгаа цэргүүдийн эсрэг босож,

13. тэдэнд—Та нар олзлогдогсдыг энд авчрах ёсгүй. Учир нь та нар бидний нүгэл, гэм буруу дээр нэмэн ЭЗЭНий эсрэг гэм бурууг бидний дээр буулгахыг төлөвлөж байна. Бидний гэм буруу хэдийн үлэмж их байгаа учраас Израилийн эсрэг Түүний дүрэлзсэн уур яаран байна гэцгээв.

14. Ингээд зэвсэглэсэн эрчүүд олзлогдогсдыг ба дээрэмдсэн зүйлсээ түшмэд болон бүх чуулганы өмнө орхив.

15. Тэгээд дээр нэр дурдагдсан хүмүүс босож, олзлогдогсдыг авч, нүцгэн нэгнийг нь олзны хувцсаар хувцаслажээ. Мөн тэдэнд хувцас, шаахай өгч, хооллоод уух юм өгч, тосоор тослон, бүх нялх балчируудыг нь илжгэн дээр суулган хөтөлж, дал модны хот Иериход ах дүүс уруу нь авчрав. Дараа нь тэд Самари уруу буцацгаажээ.

16. Тэр үед Ахаз хаан Ассирийн хаад уруу тусламж хүсэн хүн илгээв.

17. Учир нь едомчууд дахин ирж, Иудаг довтлон, олзлогдогсдыг авч явжээ.

18. Бас филистчүүд нам дор газрын болон Иудагийн Негевийн хотуудыг түрэмгийлж, Бетшемеш, Аиалон, Гедерот, Соког гацаануудынх нь хамт, Тимнаг гацаануудынх нь хамт, Гимзог гацаануудынх нь хамт эзлэн авч, тэнд суурьшжээ.

бүрэн бүлгийг уншина уу Шастирын Дэд 28