Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Шастирын Дэд 28:13-25 Ариун Библи, 2004 (АБ2004)

13. тэдэнд—Та нар олзлогдогсдыг энд авчрах ёсгүй. Учир нь та нар бидний нүгэл, гэм буруу дээр нэмэн ЭЗЭНий эсрэг гэм бурууг бидний дээр буулгахыг төлөвлөж байна. Бидний гэм буруу хэдийн үлэмж их байгаа учраас Израилийн эсрэг Түүний дүрэлзсэн уур яаран байна гэцгээв.

14. Ингээд зэвсэглэсэн эрчүүд олзлогдогсдыг ба дээрэмдсэн зүйлсээ түшмэд болон бүх чуулганы өмнө орхив.

15. Тэгээд дээр нэр дурдагдсан хүмүүс босож, олзлогдогсдыг авч, нүцгэн нэгнийг нь олзны хувцсаар хувцаслажээ. Мөн тэдэнд хувцас, шаахай өгч, хооллоод уух юм өгч, тосоор тослон, бүх нялх балчируудыг нь илжгэн дээр суулган хөтөлж, дал модны хот Иериход ах дүүс уруу нь авчрав. Дараа нь тэд Самари уруу буцацгаажээ.

16. Тэр үед Ахаз хаан Ассирийн хаад уруу тусламж хүсэн хүн илгээв.

17. Учир нь едомчууд дахин ирж, Иудаг довтлон, олзлогдогсдыг авч явжээ.

18. Бас филистчүүд нам дор газрын болон Иудагийн Негевийн хотуудыг түрэмгийлж, Бетшемеш, Аиалон, Гедерот, Соког гацаануудынх нь хамт, Тимнаг гацаануудынх нь хамт, Гимзог гацаануудынх нь хамт эзлэн авч, тэнд суурьшжээ.

19. ЭЗЭН Иудаг Израилийн хаан Ахазаас болж дорд болгов. Учир нь тэрээр Иудад хяналтгүй байдлыг гарган, ЭЗЭНд туйлын итгэлгүй байв.

20. Иймээс Ассирийн хаан Тилгат-пилнесер түүний эсрэг довтлон ирж, түүнийг хүчирхэгжүүлэхийн оронд бүр ч дарамтлав.

21. Хэдийгээр Ахаз ЭЗЭНий өргөө, хааны болон ноёдын ордноос хувь авч, түүнийг Ассирийн хаанд өгсөн боловч энэ нь түүнд тус болсонгүй.

22. Өөрийнхөө зовлон шаналлын үед энэхүү Ахаз хаан ЭЗЭНд илүү гэм нүгэл үйлджээ.

23. Учир нь тэрээр өөрийг нь ялсан Дамаскийн бурхдад тахил өргөн,—Арамын хаадын бурхад тэдэнд тусалсан учраас тэднээр өөртөө туслуулахын тулд би тэдгээр бурхдад тахил өргөх болно гэв. Харин тэдгээр нь түүний болон бүх Израилийн бүдрүүлэгч болжээ.

24. Үүнээс гадна, Ахаз Бурханы өргөөний сав суулгыг хаман цуглуулаад, тэдгээрийг хэсэг болгон цавчив. Тэрээр ЭЗЭНий өргөөний хаалгуудыг хааж, Иерусалимын булан бүрд өөртөө зориулан тахилын ширээнүүдийг босгов.

25. Иудагийн хот бүрд тэрээр өөр бурхдад утлага уугиулахаар мөргөлийн өндөрлөгүүдийг байгуулж, эцэг өвгөдийнхөө Бурхан болох ЭЗЭНийг уурлахад хүргэсэн юм.

бүрэн бүлгийг уншина уу Шастирын Дэд 28