Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Шастирын Дэд 26:1-14 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Иудагийн бүх ард түмэн арван зургаан настай байсан Уззиаг эцэг Амазиагийнх нь оронд хаанаар өргөмжилжээ.

2. Тэрээр хааныг эцэг өвгөдийнхөө хамт нойрссоны дараа Елотыг босгон, Иудад нэгтгэв.

3. Уззиа хаан болохдоо арван зургаан настай байсан бөгөөд Иерусалимд тавин хоёр жил хаанчилжээ. Түүний эхийг Иерусалимын хүн Иехилиа гэдэг байв.

4. Тэр өөрийн эцэг Амазиагийн хийсэн бүгдийг дуурайн ЭЗЭНий мэлмийд зөвийг үйлдэв.

5. Бурханы үзэгдлээр дамжуулан ухаарал авсан Зехариагийн өдрүүдэд тэрээр Бурханыг эрэлхийлсээр байв. Тэрээр ЭЗЭНийг эрэлхийлэх тусам Бурхан түүнийг амжилттай байлгав.

6. Тэр явж, филистчүүдийн эсрэг дайн хийж, Гатын хэрэм, Иабнегийн хэрэм, Ашдодын хэрмийг нураав. Тэрээр Ашдодын нутагт болон филистчүүдийн дунд хотууд барьж босгов.

7. Бурхан түүнд филистчүүдийн эсрэг, Гур-баалд амьдарч байсан арабуудын эсрэг, мөн меуничүүдийн эсрэг дайтахад туслав.

8. Бас аммончууд Уззиад алба гувчуур барьж, тэрээр маш хүчтэй болсон тул түүний нэр алдар Египетийн хил хязгаарт ч хүрэв.

9. Үүнээс гадна, Уззиа Иерусалимд Булангийн Дааман хаалга, Хөндийн Дааман хаалга болон булангийн тулгуур багана дээр цамхгуудыг барьж, бэхлэв.

10. Тэрээр цөлд цамхгууд босгож, чулуу ухаж олон нөөцлүүр хийв. Учир нь нам дор газарт ч, тал газарт ч түүнд мал сүрэг асар их байв. Тэрээр газар хөрсөнд хайртай байсан учраас уулархаг нутаг болон үржил шимтэй талбайнуудад тариачид, усан үзэмчдийг байлгав.

11. Үүнээс гадна, Уззиад дайтахад бэлэн цэрэг байсан бөгөөд тэд гүүш Иеиел, түшмэл Маасеиа нарын явуулсан тооллогын дагуух бүлгүүдээрээ хааны түшмэдийн нэг болох Хананиагийн удирдлага дор тулаанд гардаг байв.

12. Гэр бүлүүдийн тэргүүлэгчид болох эрэлхэг дайчид нийтдээ хоёр мянга зургаан зуун хүн байлаа.

13. Тэдний удирдлага дор гурван зуун долоон мянга таван зуун хүний бүрэлдэхүүнтэй шилдэг цэрэг байв. Тэд хааныг дэмжиж, дайсны эсрэг маш хүчирхэг, тулалдах чадвартай байв.

14. Үүнээс гадна, Уззиа бүх цэрэгтээ зориулан бамбай, жад, дуулга, хуяг, нум сум болон чулуу дүүгүүрдэх хэрэгслүүдийг бэлдэж өгсөн билээ.

бүрэн бүлгийг уншина уу Шастирын Дэд 26