Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Шастирын Дэд 25:12-28 Ариун Библи, 2004 (АБ2004)

12. Иудагийн хөвгүүд бас арван мянган хүнийг амьдаар нь олзлон авч, тэднийг хадан цохионы орой уруу аваачаад, тэднийг бяцартал тэндээс доошоо чулуудав.

13. Гэвч Амазиагийн өөртэйгөө хамт дайнд явахыг болиулаад буцаан илгээсэн цэргүүд Самариас Бет-хорон хүртэлх Иудагийн хотуудыг дээрэмдэж, гурван мянган хүнийг алж, маш их зүйлс олзлов.

14. Амазиа едомчуудыг хядсаны дараа ирэхдээ Сеирийн хөвгүүдийн бурхдыг авчран, тэдгээрийг өөрийн бурхдаа болгож, тэдгээрийн өмнө мэхийн сөгдөж, тэдэнд утлага уугиулав.

15. Тэгэхэд ЭЗЭНий уур хилэн Амазиагийн эсрэг шатаж, Тэрээр түүнд эш үзүүлэгчийг илгээн,—Чиний гараас өөрсдийн ард түмнээ авраагүй тэр хүмүүсийн бурхдыг чи юунд эрэлхийлсэн бэ? гэж хэлүүлэв.

16. Түүнийг хаантай ярих зуур хаан түүнд—Бид чамайг хааны зөвлөхөөр томилсон бил үү? Зогс! Яагаад чи алуулахаар юм хийж байгаа вэ? гэв. Эш үзүүлэгч зогсоод,—Чи үүнийг үйлдэж, миний зөвлөгөөг сонсоогүй учраас Бурхан чамайг устгахаар төлөвлөснийг би мэднэ гэв.

17. Тэгэхэд Иудагийн хаан Амазиа зөвлөгөөг хүлээн авч, Иехүгийн ач, Иехоахазын хүү Израилийн хаан Иоашт элч илгээн,—Ирэгтүн, нүүр нүүрээрээ тулъя гэв.

18. Израилийн хаан Иоаш Иудагийн хаан Амазиад хүн илгээн,—Ливанд байсан өргөст бут Ливанд байсан хуш модонд элч илгээн, “Охиноо миний хүүд өгч, гэрлүүлээч” гэжээ. Гэвч Ливанд байсан зэрлэг араатан түүгээр өнгөрөн явж, өргөст бутыг гишгэн дэвсэлжээ.

19. Чи хэлэхдээ “Харагтун, би Едомыг ялсан юм” гэв. Чиний зүрх ихэрхэл дотор бардам болжээ. Одоо гэртээ байгтун. Чи өөрийгөө болон өөртэйгөө хамт Иудаг унагах гэж юунд төвөг удна вэ? хэмээв.

20. Гэвч Амазиа сонссонгүй. Учир нь тэд Едомын бурхдыг эрэлхийлсэн тул Тэрээр тэднийг Иоашийн гарт оруулахын тулд Бурхан ийн үйлдсэн юм.

21. Ингээд Израилийн хаан Иоаш хөдлөн, Иудад харьяалагдах Бет-шемешт Иудагийн хаан Амазиатай нүүр нүүрээрээ тулгарав.

22. Иуда Израильд ялагдан, хүн бүр нь өөр өөрсдийн майхан уруу зугтаав.

23. Тэгээд Израилийн хаан Иоаш Иехоахазын ач, Иоашийн хүү Иудагийн хаан Амазиаг Бет-шемешт олзлон аваад, түүнийг Иерусалимд авчран, Иерусалимын хэрмийг Ефраимын Дааман хаалганаас Булангийн Дааман хаалга хүртэл буюу дөрвөн зуун тохой газрыг нураав.

24. Бурханы өргөөнд Обед-едомын халамжинд болон хааны гэрийн эрдэнэсийн санд байсан бүх алт, мөнгө болон бүх сав суулгыг тэр дээрэмдэж, мөн хүмүүсийг олзлон авч, Самари уруу буцжээ.

25. Иудагийн хаан Иоашийн хүү Амазиа Иехоахазын хүү Израилийн хаан Иоашийг нас барсны дараа арван таван жил амьдрав.

26. Амазиагийн бусад үйлс эхнийхээсээ сүүлийнх хүртлээ, харагтун, тэдгээр нь Иуда, Израилийн Хаадын Номд тэмдэглэгдээгүй гэж үү?

27. ЭЗЭНийг дагахаас Амазиа эргэсэн цагаас эхлэн Иерусалимд хүмүүс түүний эсрэг хуйвалдсанд тэрээр Лахиш уруу зугтав. Гэвч тэд Лахиш уруу түүний араас хүн илгээн, түүнийг тэнд алжээ.

28. Тэгээд тэд шарилыг нь морин дээр авчирч, түүнийг эцэг өвгөдийнх нь хамт Иудагийн хотод оршуулсан билээ.

бүрэн бүлгийг уншина уу Шастирын Дэд 25