Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Шастирын Дэд 18:1-15 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Иехошафат асар их эд баялаг, нэр хүндтэй байв. Тэрээр Ахабтай ураг холбосноороо түүнтэй нэгдэв.

2. Хэдэн жилийн дараа тэрээр Самарид Ахабтай уулзахаар явав. Ахаб түүнд болон түүнтэй хамт ирсэн хүмүүст зориулан маш олон хонь, үхрийг алж, Рамот-гилеадын эсрэг явж дайтахаар түүнийг ятгав.

3. Израилийн хаан Ахаб Иудагийн хаан Иехошафатад хандан—Чи надтай хамт Рамот-гилеадын эсрэг байлдахаар явах уу? гэхэд Иехошафат түүнд—Би бол чи, миний хүмүүс бол чиний хүмүүс бөгөөд бид тулаанд тантай хамт байх болно гэв.

4. Үүнээс гадна, Иехошафат Израилийн хаанд—Эхлээд ЭЗЭНий үгийг мэдэхийн тулд асууж өгөөч гэж хэлэв.

5. Тэгэхэд Израилийн хаан дөрвөн зуун эш үзүүлэгчийг цуглуулаад, тэднээс—Бид Рамот-гилеадын эсрэг байлдахаар мордох уу, эсвэл би түдгэлзэх үү? хэмээн асуусанд тэд—Явагтун. Учир нь Бурхан тэр хотыг хааны гарт өгнө гэж хариулцгаав.

6. Гэвч Иехошафат—Бидэнд асуучихаар ЭЗЭНий өөр нэг эш үзүүлэгч энд алга уу? хэмээн асуулаа.

7. Израилийн хаан Иехошафатад—ЭЗЭНээс асууж болох өөр нэгэн хүн бий. Гэвч тэр миний талаар сайныг хэзээ ч эш үзүүлдэггүй, харин үргэлж бузар мууг хэлдэг учир би түүнийг үзэн яддаг юм. Тэр бол Имлагийн хүү Микаиа юм хэмээн өгүүлжээ. Харин Иехошафат түүнд—Хаан хүн ингэж ярьж боломгүй гэжээ.

8. Тэгэхэд Израилийн хаан түшмэлээ дуудан,—Имлагийн хүү Микаиаг хурдан авч ирэгтүн хэмээн тушаав.

9. Тэр үед Израилийн хаан болон Иудагийн хаан Иехошафат нар ёслолын дээлээ өмсөн, Самари хотын хаалганы үүдэнд, үтрэмд өөр өөрсдийн сэнтийд заларсан байв. Эш үзүүлэгчид бүгд тэдний өмнө эш үзүүлцгээж байлаа.

10. Хенаанагийн хүү Зедекиа өөртөө төмөр эврүүдийг хийж,—ЭЗЭН ийн айлдаж байна. “Эдгээрээр та арамейчуудыг устаж дуустал нь нэвт сүлбэгтүн” хэмээв гэжээ.

11. Бүх эш үзүүлэгч—Рамот-гилеад уруу явж, ялагтун. Учир нь ЭЗЭН тэр хотыг хааны гарт өгнө гэж эш үзүүлцгээж байлаа.

12. Микаиаг дуудахаар явсан элч түүнд хандан—Харагтун, эш үзүүлэгчдийн үгс хааны таалалд ижил нийцэж байна. Таны үгс ч гэсэн тэдний үгтэй адил байж, хааны таалалд нийцүүлэгтүн гэв.

13. Харин Микаиа—ЭЗЭНий амьд буйгаар тангараглая. Миний Бурхан юу хэлснийг би ярих болно гэлээ.

14. Тэрээр хааны өмнө ирэхэд, хаан түүнээс—Микаиа, бид Рамот-гилеадыг довтлохоор хөдлөх үү, эсвэл би татгалзах уу? гэж асуусанд Микаиа түүнд—Явж, ялагтун. Учир нь тэд таны гарт өгөгдөх болно гэжээ

15. Хаан түүнд—ЭЗЭНий нэр дээр надад зөвхөн үнэнээс өөр юуг ч хэлэхгүй байхыг би чамаас хичнээн гуйх юм бэ? хэмээв.

бүрэн бүлгийг уншина уу Шастирын Дэд 18