Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Шастирын Дэд 15:1-13 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Бурханы Сүнс Одедын хүү Азариа дээр ирсэнд

2. тэрээр Асатай уулзахаар явж, түүнд—Аса болон бүх Иуда, Бениамин аа, намайг сонс. Та нар ЭЗЭНтэй хамт байх үед Тэрээр та нартай хамт байна. Хэрэв та нар Түүнийг хайвал, Тэрээр та нарт олдоно. Харин та нар Түүнийг умартах аваас Тэр та нарыг умартах болно.

3. Олон өдрүүдийн туршид Израиль үнэн Бурхангүй, сургах тахилчгүй, хуульгүй байсан билээ.

4. Гэвч өөрсдийн зовлон шаналал дотор тэд Израилийн Бурхан ЭЗЭН уруу эргэж, Түүнийг хайсан бөгөөд Тэр тэдэнд олдсон юм.

5. Тэр үеүдэд гарч, орсон хүмүүст амар амгалан үгүй байлаа. Учир нь газар нутгуудын оршин суугчдыг тэр их үймээн самуун зовоон шаналгаж байсан юм.

6. Нэг үндэстнийг нөгөө үндэстэн, нэг хотыг нөгөө хот бяцлан устгаж байв. Учир нь Бурхан тэднийг бүх төрлийн зовлон гамшгаар зовоов.

7. Харин та нар тууштай байж, бүү зүрх алд. Та нарын ажил шагналтай юм гэв.

8. Эш үзүүлэгч Одедын хүү Азариагийн өгүүлсэн эдгээр үгс болон эш үзүүллэгийг сонсоод Аса зоригжин, Иуда, Бениамины бүх газар нутаг болон Ефраимын уулархаг нутгаас эзлэн авсан хотуудаасаа бузар шүтээнүүдийг зайлуулжээ. Дараа нь ЭЗЭНий үүдний танхимын урд талд байсан ЭЗЭНий тахилын ширээг тэр сэргээн босгов.

9. Тэрээр бүх Иуда, Бениамин болон тэдэнтэй хамт амьдарч байсан Ефраим, Манассе, Симеоны хүмүүсийг цуглуулав. Асагийн Бурхан ЭЗЭН түүнтэй хамт байгааг хараад олон хүн Израилиас түүн уруу урважээ.

10. Ингээд тэд Асагийн хаанчлалын арван тав дахь жилийн гуравдугаар сард Иерусалимд цугларчээ.

11. Тэр өдөр тэд авчирсан олзноос долоон зуун үхэр, долоон мянган хонийг ЭЗЭНд тахил болгон өргөжээ.

12. Тэд бүх зүрх, сэтгэлээрээ эцэг өвгөдийнхөө Бурхан ЭЗЭНийг эрэлхийлэхээр гэрээнд оров.

13. Израилийн Бурхан ЭЗЭНийг эрэлхийлэхгүй хэн боловч, их бага, эр эм гэлгүй алуулах ёстой байв.

бүрэн бүлгийг уншина уу Шастирын Дэд 15