Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Номлогчийн Үгс 2:13-26 Ариун Библи, 2004 (АБ2004)

13. Мэргэн ухаан тэнэг мулгуугаас давуутай нь гэрэл харанхуйгаас илүүтэйн адил болохыг би ойлгов.

14. Мэргэн хүний мэлмий толгойдоо байхад харин тэнэг хүн харанхуйд явж байдаг. Гэвч тэднийг хоёуланг нь нэг хувь заяа нөмөрч байдгийг би мэднэ.

15. “Тэнэгт оногдох тэр л хувь тавилан над дээр мөн ирэх тул ухаантай байхын хэрэг надад юу билээ?” гэж би өөртөө хэлэв. Ингээд би өөртөө “Энэ мөн л хоосон аж” гэв.

16. Учир нь ухаантан хэн боловч тэнэгийн нэгэн адил үүрд мартагдах аж. Ирэх өдрүүдэд ч бүх зүйл мартагдана. Мэргэд тэнэгүүдийн адил үхэцгээнэ шүү дээ!

17. Наран доор хийгдэж байгаа бүхэн надад жигшүүртэй болсон учраас би амьдралыг үзэн ядсан. Өөрөөр хэлбэл, бүх зүйл утгагүй бөгөөд салхины хойноос хөөцөлдөхтэй адил аж.

18. Наран доор хөдөлмөрлөсөн хөдөлмөрийнхөө бүхий л үр жимсийг би үзэн ядав. Учир нь би тэр бүгдийг миний дараа ирэх хэн нэгэнд үлдээх учиртай ажээ.

19. Тэр ухаантай, эсвэл тэнэг хүн байхыг хэн мэдэх билээ? Наран доор ухаалгаар хөдлөн, ажилласан хөдөлмөрийн минь бүхий л үр жимсийг тэр нэгэн эзэмших болно. Энэ мөн л хоосон.

20. Тиймээс наран доор хөдөлмөрлөсөн өөрийн бүх хөдөлмөрийн үр жимсийг би бүхэлд нь үгүйсгэв.

21. Хэн нэгэн нь ухаан зарж, мэдлэгтэй, чадварлаг ажиллаад дараа нь өөртэй нь хамт ажиллаагүй хүнд өөрийн хувийг өгдөг. Энэ нь мөн л хоосон бөгөөд асар бузар булай хэрэг мөн.

22. Наран доор хичээж чармайсан бүхий л хөдөлмөрөөсөө хүн ер нь юуг нь авах юм бэ?

23. Учир нь хүний бүх л өдөр болон хөдөлмөр нь уйтгар зовлонтой, төдийгүй, шөнө ч түүний оюун ухаан нь амардаггүй аж. Энэ нь мөн л хоосон ажээ.

24. Идэж, ууж, ажил үйлс минь сайн байна гэж өөртөө хэлэхээс илүү зүйл хүний хувьд байхгүй. Миний харснаар энэ нь мөн л Бурханы мутраас ирэх ажээ.

25. Учир нь Түүнгүйгээр хэн идэж, хэн сэтгэлийн жаргал авч чадах вэ?

26. Өөрийнх нь мэлмийд таалагдагч хүнд Тэр мэргэн ухаан, мэдлэг, баяр жаргал өгдөг ажээ. Чингэхдээ Өөрийнхөө өмнө гэмгүй нэгэнд өгөхийн тулд бөөгнүүлэх, цуглуулах албыг нүгэлтнүүдээр гүйцэлдүүлдэг байна. Энэ нь мөн л хоосон бөгөөд салхины хойноос хөөцөлдөхтэй адил аж.

бүрэн бүлгийг уншина уу Номлогчийн Үгс 2