Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Нехемиа 13:3-15 Ариун Библи, 2004 (АБ2004)

3. Тиймээс тэд хуулийг сонсоод, бүх харийнхныг Израилиас гаргав.

4. Үүний өмнө манай Бурханы өргөөний өрөөнүүдийг хариуцахаар томилогдсон тахилч Елиашиб, Тобиагийн садан учир

5. урд нь левичүүд, дуучид, хаалгачид, болон тахилч нарт өргөсөн хандив, идээн өргөлүүд, гүгэл, сав суулгууд ба ургацын аравны нэг, дарс ба тосыг хадгалж байсан том өрөөг түүнд бэлтгэж өгчээ.

6. Харин энэ бүх үеийн туршид би Иерусалимд байсангүй. Учир нь Вавилоны хаан Артаксерксын гучин хоёрдугаар онд би хаанд бараалхахаар явсан байв. Харин хэсэг хугацааны дараа би хаанаас явах зөвшөөрөл гуйв.

7. Тэгээд би Иерусалимд ирж, Елиашиб Бурханы өргөөний хашаанд Тобиад өрөө бэлтгэж өгснөөр түүний төлөө үйлдсэн муу үйлийн тухай сонсов.

8. Энэ нь надад тун ч таагүй байсан учраас би тэр өрөөнөөс Тобиагийн гэрийн бүх юмсыг гаргаж хаяв.

9. Тэгээд намайг тушаал өгөхөд тэд өрөөнүүдийг цэвэрлэв. Би тийшээ Бурханы өргөөний сав суулгыг идээн өргөлүүд ба гүгэлтэй нь хамт буцааж авчрав.

10. Мөн левичүүдийн хувь нь тэдэнд өгөгдөөгүйгээс болж үйлчилж байсан левичүүд ба дуучид өөр өөрсдийн тариан талбай уруу явцгаасныг би олж мэдэв.

11. Тэгээд би түшмэдийг зэмлэн—Бурханы өргөө яагаад орхигдов? гэв. Би тэднийг хамтад нь цуглуулж, өөрсдийнх нь албанд буцаан тавив.

12. Тэгээд бүх иудачууд үр тариа, дарс ба тосныхоо аравны нэгийг агуулахуудад авчирцгаав.

13. Агуулахуудын даамлаар тахилч Шелемиа, гүүш Задок, левичүүдээс Педаиаг, мөн тэдэн дээр нэмж Маттаниагийн хүү, Заккурын хүү Хананыг би томилов. Учир нь тэд найдвартай хэмээн үзэгддэг байсан ба тэдний үүрэг нь өөрсдийн ах дүү нарт хуваарилах явдал байв.

14. Бурхан минь, үүний төлөө намайг санаач. Миний Бурханы өргөө ба түүний үйлчлэлүүдийн төлөө гүйцэтгэсэн миний үнэнч үйлсийг бүү арилгаарай!

15. Тэр өдрүүдэд Иудад амралтын өдрөөр зарим хүмүүс усан үзмийн шахуурга гишгэж, ууттай үр тариаг авчран, илжгэндээ дарс, усан үзэм, инжир болон бүх төрлийн ачаа ачаалан, тэднийг амралтын өдрөөр Иерусалимд авчирч хүнс зарж байсныг би үзэв. Тэр өдөр би тэдэнд анхааруулан сануулав.

бүрэн бүлгийг уншина уу Нехемиа 13