Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Нехемиа 13:15-31 Ариун Библи, 2004 (АБ2004)

15. Тэр өдрүүдэд Иудад амралтын өдрөөр зарим хүмүүс усан үзмийн шахуурга гишгэж, ууттай үр тариаг авчран, илжгэндээ дарс, усан үзэм, инжир болон бүх төрлийн ачаа ачаалан, тэднийг амралтын өдрөөр Иерусалимд авчирч хүнс зарж байсныг би үзэв. Тэр өдөр би тэдэнд анхааруулан сануулав.

16. Мөн тэнд амьдарч байсан Тирийн хүмүүс загас болон бүх төрлийн барааг гаднаас оруулж, тэднийгээ Иудагийн хөвгүүдэд, Иерусалимд ч хүртэл амралтын өдрөөр зарж байв.

17. Тэгэхэд нь би Иудагийн язгууртнуудыг зэмлэн, тэдэнд хандан—Та нар юунд амралтын өдрийг бузарлан, ямар муу үйлийг хийнэ вэ?

18. Танай эцгүүд энэ мэтийг үйлдсэнээр Бурхан маань бидэн дээр болон энэ хотын дээр энэ бүх гай гамшгийг авчирсан биш үү? Гэсэн ч та нар амралтын өдрийг бузарласнаар Израиль дээрх уур хилэнг нэмэгдүүлж байна гэв.

19. Тэгээд амралтын өдрийн өмнө дөнгөж харанхуй болмогц Иерусалимын дааман хаалгуудыг хааж, амралтын өдөр өнгөртөл онгойлгохгүй байхыг би тушаав. Тэгээд амралтын өдөр ямар ч ачаа оруулахгүй байхын тулд би зарц нарынхаа заримыг дааман хаалгууд дээр байрлуулав.

20. Нэг, хоёр удаа худалдаачид ба янз бүрийн барааны наймаачид Иерусалимын гадна шөнийг өнгөрүүлж байв.

21. Тэгэхэд би тэдэнд анхааруулж—Та нар яагаад хэрмийн дэргэд шөнийг өнгөрүүлнэ вэ? Хэрэв та нар дахиад ингэвэл, би та нарын эсрэг хүч хэрэглэнэ гэв. Тэр цагаас хойш тэд амралтын өдөр ирсэнгүй.

22. Мөн левичүүдэд, өөрсдийгөө ариусган, амралтын өдрийг ариусгахын тулд хаалгачид мэт ирцгээхийг би тушаав. Үүний төлөө мөн намайг санаач! Бурхан минь, Өөрийн хайр энэрлийн агуу байдлаар намайг өрөвдөөч!

23. Тэр өдрүүдэд иудейчүүд Ашдод, Аммон ба Моабын эмэгтэйчүүдтэй гэрлэснийг би мөн үзэв.

24. Тэдний хүүхдүүдийн хувьд, хагас нь Ашдодын хэлээр, эсвэл бусад ард түмний хэлээр ярьдаг байсан бөгөөд тэдний нэг нь ч иуда хэлээр ярьж чадахгүй байв.

25. Тиймээс би тэдэнтэй тэмцэж, тэднийг хараан, тэдний заримыг нь цохиж, үсийг нь зулгаан, тэднийг Бурханаар тангараглуулан—Та нар охидоо тэдний хөвгүүдэд өгөх ёсгүй, тэдний охидыг ч өөрийн хөвгүүдэд, эсвэл өөрсдөдөө авах ёсгүй.

26. Израилийн хаан Соломон эдгээр зүйлсээр нүгэл үйлдээгүй гэж үү? Хэдийгээр олон үндэстнүүдийн дунд түүн шиг хаан байгаагүй, тэр Бурханаараа хайрлагдан, Бурхан түүнийг бүх Израилийн хаан болгосон боловч харь эмэгтэйчүүд түүнийг ч хүртэл нүгэл үйлдэхэд хүргэсэн.

27. Тэгэхэд та нар харь эмэгтэйчүүдтэй гэрлэн, бидний Бурханы эсрэг үнэнч бусаар хандан, энэ бүх үлэмжийн мууг хийсэн хэмээн бид та нарын тухай сонсоно гэж үү? гэв.

28. Иоиадагийн хөвгүүдийн нэг, тэргүүн тахилч Елиашибын хүү ч хүртэл хорони хүн Санбаллатын хүргэн болсон бөгөөд би түүнийг өөрөөсөө зайлуулав.

29. Бурхан минь, тэднийг санаач. Учир нь тэд тахилчлалыг ба тахилчлалын, левичүүдийн гэрээг бузарлав.

30. Ийнхүү би тэднийг харийн алив бүхнээс ариусгаж, тахилч нар ба левичүүдийг өөр өөрийнх нь үүрэгт ажилд нь томилов.

31. Би түлээний хангалт болон анхны үр жимсэнд тодорхой цагийг тогтоов. Бурхан минь, сайны төлөө намайг санаач!

бүрэн бүлгийг уншина уу Нехемиа 13