Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Нехемиа 13:1-14 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Тэр өдөр ард түмнийг сонсож байхад тэд Мосегийн номоос чангаар уншив. Нэг ч аммон хүн, эсвэл моаб хүн хэзээ ч Бурханы чуулганд орж болохгүй хэмээн түүн дотор бичигдсэнийг олов.

2. Учир нь тэд Израилийн хөвгүүдийг талх устайгаар угтсангүй, харин ч Балаамыг тэдний эсрэг тэднийг хараалгахаар хөлсөлжээ. Харин бидний Бурхан хараалыг нь ерөөл болгосон юм.

3. Тиймээс тэд хуулийг сонсоод, бүх харийнхныг Израилиас гаргав.

4. Үүний өмнө манай Бурханы өргөөний өрөөнүүдийг хариуцахаар томилогдсон тахилч Елиашиб, Тобиагийн садан учир

5. урд нь левичүүд, дуучид, хаалгачид, болон тахилч нарт өргөсөн хандив, идээн өргөлүүд, гүгэл, сав суулгууд ба ургацын аравны нэг, дарс ба тосыг хадгалж байсан том өрөөг түүнд бэлтгэж өгчээ.

6. Харин энэ бүх үеийн туршид би Иерусалимд байсангүй. Учир нь Вавилоны хаан Артаксерксын гучин хоёрдугаар онд би хаанд бараалхахаар явсан байв. Харин хэсэг хугацааны дараа би хаанаас явах зөвшөөрөл гуйв.

7. Тэгээд би Иерусалимд ирж, Елиашиб Бурханы өргөөний хашаанд Тобиад өрөө бэлтгэж өгснөөр түүний төлөө үйлдсэн муу үйлийн тухай сонсов.

8. Энэ нь надад тун ч таагүй байсан учраас би тэр өрөөнөөс Тобиагийн гэрийн бүх юмсыг гаргаж хаяв.

9. Тэгээд намайг тушаал өгөхөд тэд өрөөнүүдийг цэвэрлэв. Би тийшээ Бурханы өргөөний сав суулгыг идээн өргөлүүд ба гүгэлтэй нь хамт буцааж авчрав.

10. Мөн левичүүдийн хувь нь тэдэнд өгөгдөөгүйгээс болж үйлчилж байсан левичүүд ба дуучид өөр өөрсдийн тариан талбай уруу явцгаасныг би олж мэдэв.

11. Тэгээд би түшмэдийг зэмлэн—Бурханы өргөө яагаад орхигдов? гэв. Би тэднийг хамтад нь цуглуулж, өөрсдийнх нь албанд буцаан тавив.

12. Тэгээд бүх иудачууд үр тариа, дарс ба тосныхоо аравны нэгийг агуулахуудад авчирцгаав.

13. Агуулахуудын даамлаар тахилч Шелемиа, гүүш Задок, левичүүдээс Педаиаг, мөн тэдэн дээр нэмж Маттаниагийн хүү, Заккурын хүү Хананыг би томилов. Учир нь тэд найдвартай хэмээн үзэгддэг байсан ба тэдний үүрэг нь өөрсдийн ах дүү нарт хуваарилах явдал байв.

14. Бурхан минь, үүний төлөө намайг санаач. Миний Бурханы өргөө ба түүний үйлчлэлүүдийн төлөө гүйцэтгэсэн миний үнэнч үйлсийг бүү арилгаарай!

бүрэн бүлгийг уншина уу Нехемиа 13