Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Левит 8:16-32 Ариун Библи, 2004 (АБ2004)

16. Мосе мөн бүх дотор өөхийг, өнчин элэг, хоёр бөөрийг өөхтэй нь авчээ. Тэр үүнийг тахилын ширээн дээр шатаан уугиулав.

17. Харин тэрээр бух болон арьс, мах, сэвсийг нь ЭЗЭНий Мосед тушаасан ёсоор хуарангийн гадна галд шатаав.

18. Тэгээд тэр шатаалт тахилын хуцыг авчирсан. Аарон болон түүний хөвгүүд хуцын толгой дээр гараа тавьцгаав.

19. Мосе түүнийг нядлан цусыг нь тахилын ширээ уруу тойруулан цацав.

20. Тэрээр хуцыг мөчлөн эвдэж огтлоод, Мосе толгой, хэсгүүдийг болон өөхийг нь шатаан уугиулав.

21. Гэдэс дотор болон мөчүүдийг нь усаар угаасны дараа Мосе хуцыг бүхлээр нь тахилын ширээн дээр шатаан уугиулав. Энэ бол тайвшруулах тааламжит үнэрт зориулсан шатаалт тахил байлаа. Энэ нь ЭЗЭНий Мосед тушаасан ёсоор ЭЗЭНд галаар өргөх өргөл байлаа.

22. Тэгээд тэр сахил хүртээх ёслолын хуц болох хоёр дахь хуцыг авчирлаа. Аарон болон түүний хөвгүүд хуцын толгой дээр гараа тавьцгаав.

23. Мосе түүнийг нядалж, түүний хэсэг цусыг нь аван Аароны баруун чихний гэдсэнд, баруун гарынх нь эрхий хуруун дээр, баруун хөлийнх нь эрхий хуруун дээр нялав.

24. Тэр мөн Аароны хөвгүүдийг ойртуулж, Мосе хэсэг цусыг тэдний баруун чихний гэдсэнд, баруун гарынх нь эрхий хуруун дээр, баруун хөлийнх нь эрхий хуруун дээр нялав. Тэгээд Мосе бусад цусыг тахилын ширээ уруу тойруулан цацав.

25. Тэр өөхийг, сүүлийг, бүх дотор өөхийг, өнчин элэг, хоёр бөөрийг өөхнийх нь хамт, баруун гуяыг нь авав.

26. ЭЗЭНий өмнө байсан исгээгүй талхны сагснаас тэр нэг исгээгүй бинг, тостой хольсон талхан боов нэгийг болон нэг боовыг авч, тэдгээрийг өөхнүүд болон баруун гуян дээр байрлуулав.

27. Тэгээд тэр энэ бүхнийг Аароны гар дээр, түүний хөвгүүдийн гар дээр тавьж, тэдгээрийг ЭЗЭНий өмнө даллах өргөл болгон авчрав.

28. Тэгээд Мосе тэдгээрийг тэдний гараас авч, шатаалт тахилын хамт тэдгээрийг тахилын ширээн дээр шатаан уугиулав. Эдгээр нь тайвшруулах тааламжит үнэрт зориулсан, сахил хүртээх ёслолын тахил байлаа. Энэ нь ЭЗЭНд галаар өргөх өргөл байв.

29. Мөн Мосе өвчүүг авч, түүнийг ЭЗЭНий өмнө даллах өргөл болгон авчрав. Энэ нь ЭЗЭНий Мосед тушаасан ёсоор, сахил хүртээх ёслолын хуцын Мосегийн хувь байлаа.

30. Тэгээд Мосе тосолгооны тосноос болон тахилын ширээн дээр байсан цуснаас хэсгийг авч түүнийг Аарон ба түүний хувцас, түүний хөвгүүд ба тэдний хувцаснууд дээр цацан, Аароныг, түүний хувцсыг, хөвгүүдийг нь, хөвгүүдийнх нь хувцаснуудыг түүнтэй хамт ариусгав.

31. Тэгээд Мосе нь Аарон болон түүний хөвгүүдэд хэлсэн нь—Махыг хурлын майхны үүдэнд буцалгаж, миний тушаан “Аарон болон түүний хөвгүүд үүнийг идэх болно” хэмээн хэлсэн ёсоор түүнийг сахил хүртээх ёслолын тахилын сагсанд байгаа талхтай хамт идэгтүн.

32. Мах болон талхны үлдэгдлийг та нар галд шатаагтун.

бүрэн бүлгийг уншина уу Левит 8