Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Левит 8:1-17 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Тэгээд ЭЗЭН Мосед айлдан—

2. Аароныг, түүнтэй хамт хөвгүүдийг нь, мөн хувцаснууд, тосолгооны тос, нүглийн төлөөх тахилын бухыг, хоёр хуц, нэг сагс исгээгүй талхыг авагтун.

3. Хурлын майхны үүдэнд бүх цуглааныг цуглуул гэв.

4. Тийнхүү Мосе ЭЗЭНий өөрт нь тушаасан ёсоор хийв. Хурлын майхны үүдэнд цуглааныг цуглах зуур,

5. Мосе цуглаанд хандан—ЭЗЭНий хийгтүн хэмээн тушаасан зүйл бол энэ болой гэв.

6. Тэгээд Мосе нь Аарон болон түүний хөвгүүдийг ойртуулаад тэднийг усаар угаав.

7. Тэр түүнд дээл өмсгөж, урт бүсээр бүслэн нөмрөгийг өмсүүлээд, түүнд ефодыг өмсгөн, үүнийг тогтоох ефодын уран гоё бүсээр түүнийг бүслэв.

8. Тэгээд тэр цээживчийг түүнд тохон өмсгөж, цээживчинд Урим болон Туммимийг хийв.

9. Тэр бас түүний толгой дээр малгай тавин, малгайн дээр, урд талд нь ариун титэм болох алтан пайзыг ЭЗЭНий Мосед тушаасан ёсоор тавив.

10. Тэгээд Мосе тосолгооны тосыг авч, асар болон түүн дотор байсан бүхнийг тослон тэдгээрийг ариусгав.

11. Тэр тосны заримыг тахилын ширээн дээр долоон удаа цацаж, тахилын ширээ болон түүний бүх хэрэгслийг, угаагуур болон түүний суурийг тослон ариусгав.

12. Тэгээд тэр тосолгооны тосны заримыг Аароны толгой дээр асган түүнийг ариусгахаар тослов.

13. Дараа нь Мосе Аароны хөвгүүдийг ойртуулж, ЭЗЭНий Мосед тушаасан ёсоор тэдэнд дээлийг өмсгөн, урт бүсээр бүсэлж, толгой дээр нь малгай өмсгөв.

14. Тэгээд тэр нүглийн төлөөх тахилын бухыг авчраад, Аарон болон түүний хөвгүүд нүглийн төлөөх тахилын бухын толгой дээр гараа тавьцгаав.

15. Дараа нь Мосе түүнийг нядлаад цусыг нь аван хуруугаараа заримыг нь тахилын ширээний эврүүдийн дээр тойруулан нялж, тахилын ширээг ариусгав. Тэгээд тэр бусад цусыг нь тахилын ширээний суурь уруу түүний төлөө эвлэрүүллийг хийхээр асган түүнийг ариусгав.

16. Мосе мөн бүх дотор өөхийг, өнчин элэг, хоёр бөөрийг өөхтэй нь авчээ. Тэр үүнийг тахилын ширээн дээр шатаан уугиулав.

17. Харин тэрээр бух болон арьс, мах, сэвсийг нь ЭЗЭНий Мосед тушаасан ёсоор хуарангийн гадна галд шатаав.

бүрэн бүлгийг уншина уу Левит 8