Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Левит 26:34-46 Ариун Библи, 2004 (АБ2004)

34. Тэгээд та нарыг дайсныхаа нутагт байх зуур эзгүйрлийн бүх өдрүүдэд энэ нутаг нь амралтдаа ханах болно. Тэр үед газар амран, өөрийн амралтад ханах болно.

35. Эзгүйрлийнхээ бүх өдрүүдэд энэ нутаг нь, дээр нь та нарыг амьдарч байсан хугацаанд эдлээгүй амралтаа эдлэх болно.

36. Та нараас үлдэгсдийн хувьд бол, Би мөн дайснуудынх нь нутгууд дээр тэдний зүрхэнд доройтлыг авчрах болно. Хатсан навчны сэрчигнээ тэднийг үлдэн хөөх бөгөөд хэн ч мөрдөөгүй байхад тэд илднээс зугтах мэт зугтаж, тэд унах болно.

37. Хэдийгээр хэн ч мөрдөөгүй боловч тэд илднээс зугтаж буй мэт бие бие дээрээ бүдрэх болно. Та нар дайсныхаа өмнө зогсох ямар ч хүчгүй байх болно.

38. Харин та нар үндэстнүүдийн дунд мөхөж, дайснуудын чинь нутаг та нарыг залгих болно.

39. Та нараас үлдэгсэд нь дайснуудынхаа нутагт өөрсдийн хорон муугийнхаа улмаас ялзрах болно. Мөн тэд өвөг дээдсийнхээ хорон муугийн улмаас тэдэнтэйгээ хамт ялзрах болно.

40. Хэрэв тэд Миний эсрэг итгэмжгүй хандаж, Миний эсрэг дайсагнаж байсан өөрсдийн гэм бурууг, өвөг дээдсийнхээ гэм бурууг хүлээн зөвшөөрвөл,

41. (Би мөн тэднийг дайснуудынх нь нутагт аваачихаар тэдэнд дайсагнаж байсан) эсвэл хэрэв тэдний хөндөгдөөгүй зүрх даруу болгогдсоноор тэд өөрсдийн гэм бурууг залруулбал,

42. тэгвэл Би Иаковтай байгуулсан гэрээгээ, бас Исаактай байгуулсан гэрээгээ, мөн Абрахамтай байгуулсан гэрээгээ санан, мөн Би энэ газрыг ч санах болно.

43. Учир нь уг нутаг нь тэднээр орхигдож, тэдний байхгүйд эзгүйрэх зуураа амралтдаа ханах болно. Энэ үед тэд өөрсдийн нүгэл хилэнцийг залруулсаар байна. Учир нь тэд Миний зарлигуудыг үл тоомсорлон, тэдний сэтгэл Миний тогтоолуудыг жигшсэн билээ.

44. Гэсэн хэдий ч дайсныхаа нутагт байх үед нь Би тэднийг орхихгүй, тэдэнтэй байгуулсан Өөрийн гэрээг зөрчин тэднийг устгачихаар жигшихгүй. Учир нь Би бол ЭЗЭН, тэдний Бурхан.

45. Харин тэдний Бурхан нь байхын тулд үндэстнүүдийн нүдний өмнө Египетийн нутгаас гарган авчирсан, өвөг дээдэстэй нь байгуулсан гэрээгээ Би тэдний төлөө санах болно. Би бол ЭЗЭН” гэлээ.

46. Эдгээр нь Синаи ууланд Мосегээр дамжуулан ЭЗЭН Израилийн хөвгүүд болон Өөрийнхөө хооронд тогтоосон тогтоол, зарлигууд болон хуулиуд билээ.

бүрэн бүлгийг уншина уу Левит 26