Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Левит 26:10-29 Ариун Библи, 2004 (АБ2004)

10. Та нар хуучин нөөцөө идэж, шинийг оруулахын тулд хуучныг зайчилна.

11. Түүнээс гадна, Би та нарын дунд Өөрийн орших газрыг барьж Миний сэтгэл та нарыг үл жигшинэ.

12. Би бас дунд чинь алхаж, та нарын Бурхан болох бөгөөд та нар Миний ард түмэн байх болно.

13. Би бол та нарыг египетчүүдийн боол байлгахгүйн тулд, Египетийн нутгаас та нарыг гарган авчирсан ЭЗЭН, та нарын Бурхан. Би та нарын буулганы чинь модыг эвдэн, та нарыг цэх шулуун алхуулсан.

14. Гэхдээ хэрэв та нар Намайг дуулгавартай дагахгүй, энэ бүх тушаалуудыг биелүүлэхгүй байх аваас,

15. хэрэв үүний оронд та нар Миний тогтоолуудыг үл тоомсорлон, хэрэв та нарын сэтгэл чинь Миний зарлигуудыг жигшин, Миний бүх тушаалуудыг биелүүлэхгүй байснаараа Миний гэрээг зөрчвөл,

16. Би хариуд нь үүнийг та нарт хийх болно. Би нүдийг чинь ширгээн, сэтгэлийг чинь хатаахад хүргэх гэнэтийн аймшиг, сүрьеэ, халуурлыг та нар дээр тохох болно. Бас та нар үрийг ашиггүйгээр суулгана. Учир нь түүнийг дайснууд чинь идэх болно.

17. Би Өөрийн царайг та нарын эсрэг хандуулж, дайсныхаа өмнө та нар цохигдон унах болно. Та нарыг үзэн ядагчид нь та нарыг захирах бөгөөд хэн ч та нарыг мөшгөөгүй байхад та нар зугтан явах болно.

18. Хэрэв бас эдгээр зүйлсийн дараа та нар Намайг дуулгавартай дагахгүй байвал нүглийн чинь төлөө Би та нарыг дахин долоон удаа залхаан цээрлүүлэх болно.

19. Би мөн та нарын хүч чадалдаа эрдсэн бардамналыг буулган эвдэнэ. Бас Би тэнгэрийг чинь төмөр мэт, газрыг чинь хүрэл мэт болгоно.

20. Чиний хүч чадал дэмий үрэгдэнэ. Учир нь газар чинь үр шимээ өгөхгүй, газрын чинь модод үр жимсээ гаргахгүй.

21. Тэгсэн ч, хэрэв та нар Миний эсрэг дайсагнан, Намайг дуулгавартай дагахыг хүсэхгүй байвал нүглийн чинь дагуу Би гай гамшгийг та нарын дээр долоо дахин нэмэх болно.

22. Би та нарыг үр хүүхдүүдээс чинь хагацаан, мал сүргийг чинь устган, та нарын тоо толгойг багасгаж, ингэснээр замуудыг чинь эзгүйрүүлэх хээрийн араатанг дунд чинь сул явуулах болно.

23. Хэрэв эдгээр зүйлээр ч та нар Над уруу эргэлгүй, харин Миний эсрэг дайсагнавал,

24. Би та нарын эсрэг дайсагнах болно. Би, Би хүртэл та нарыг нүглийн чинь төлөө долоо дахин цохих болно.

25. Би бас гэрээний төлөө өс авах илдийг дээр чинь авчрах бөгөөд та нарыг хотууддаа хамтдаа цуглах үед чинь, дунд чинь Би тахлыг илгээх болно. Тэгснээр та нар дайсны гарт тушаагдах болно.

26. Намайг талхны чинь хангамжийг таслахад, талхыг чинь арван эмэгтэй нэг зууханд жигнэн, талхны хувийг хэмжин ноогдуулна. Тэгээд та нар идсэн ч цадахгүй байх болно.

27. Гэсэн ч үүнийг үл харгалзан та нар Намайг дуулгавартай дагахгүй, харин Миний эсрэг дайсагнавал,

28. Би та нарын эсрэг хилэгнэн дайсагнаж, Би, бүр Би хүртэл та нарыг нүглийн чинь төлөө долоо дахин шийтгэх болно.

29. Цааш нь та нар өөрсдийн хөвгүүдийнхээ махыг, охидынхоо махыг идэх болно.

бүрэн бүлгийг уншина уу Левит 26