Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Левит 23:6-21 Ариун Библи, 2004 (АБ2004)

6. Тэгээд тэр сарын арван тавны өдөр ЭЗЭНд Исгээгүй Талхны Баяр болдог бөгөөд долоо хоногийн турш та нар исгээгүй талх ид.

7. Эхний өдөр нь та нар ариун цугларалттай байх бөгөөд аливаа хүчир ажлыг бүү хийгтүн.

8. Харин долоон хоногийн турш та нар ЭЗЭНд галаар өргөх өргөлийг өргөх ёстой. Долоо дахь өдөр нь ариун цугларалттай бөгөөд та нар аливаа хүчир ажлыг бүү хийгтүн” гэв.

9. Тэгээд ЭЗЭН Мосед айлдан—

10. Израилийн хөвгүүдтэй ярин тэдэнд хэлэгтүн. “Миний та нарт өгөх гэж буй нутагт орж, ургацыг нь хураахдаа та нар ургацынхаа анхны үр жимсний багцыг тахилчид авчрагтун.

11. Та нар хүлээн авагдахын тулд тэрээр уг багцыг ЭЗЭНий өмнө даллана. Амралтын өдрийн дараагийн өдөр тахилч түүнийг даллана.

12. Та нар уг багцыг даллах өдөртөө согоггүй эр хургыг шатаалт тахилаар ЭЗЭНд өргөгтүн.

13. Үүний идээн өргөл нь тостой хольсон ефагийн аравны хоёр сайн гурил байх бөгөөд тайвшруулах тааламжит үнэрт зориулан ЭЗЭНд галаар өргөх өргөл болох юм. Энэ нь түүний ундаан өргөл болох хиний дөрөвний нэгэн дарстай хамт байх юм.

14. Тэр өдрийг хүртэл, өөрсдийн Бурханыхаа тахилыг авчрах хүртлээ та нар талхыг ч, хуурсан болон шинэ үр тариаг ч бүү идэгтүн. Энэ нь үеийн үед амьдрах бүх газарт чинь улиран үргэлжлэх тогтоол байх ёстой.

15. Амралтын өдрийн дараах өдрөөс, даллах өргөлийн багцыг авчирсан тэр өдрөөсөө та нар бас долоон долоо хоногийг тоол.

16. Долоо дахь амралтын өдрийн дараах өдрийг хүртэл та нар тавин хоногийг тоолох бөгөөд тэгээд та нар ЭЗЭНд шинэ идээн өргөлийг авчир.

17. Амьдрах газраасаа та нар даллах өргөлд зориулан ефагийн аравны хоёроор хийгдсэн хоёр талхыг авчрах болно. Тэдгээр нь ЭЗЭНд анхны үр жимс болгон хөрөнгөтэй жигнэгдсэн сайн гурилын байх ёстой.

18. Талхтай хамт та нар согоггүй долоон эр хургыг, мөн бод малын сүргээс нэг бухыг болон хоёр хуцыг авчир. Тэдгээр нь идээн өргөл, ундаан өргөлийнхөө хамт ЭЗЭНд шатаалт тахил болно. Энэ нь ЭЗЭНд тайвшруулах тааламжит үнэртэй галаар өргөх өргөл болно.

19. Та нар мөн нэг ухныг нүглийн төлөөх тахилд, хоёр эр хургыг эвийн тахилд өргөгтүн.

20. Тахилч тэгээд тэдгээрийг анхны үр жимсний талхтай, хоёр хурганы хамт ЭЗЭНий өмнө даллах өргөл болгон даллана. Тэдгээр нь тахилчийн төлөө ЭЗЭНд ариун байх ёстой.

21. Тэр өдрөө та нар ариун цугларалтыг зарлах ёстой. Та нар аливаа хүчир ажлыг бүү хийгтүн. Энэ нь үеийн үед амьдрах бүх газарт чинь улиран үргэлжлэх тогтоол байх ёстой.

бүрэн бүлгийг уншина уу Левит 23