Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Левит 23:1-15 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. ЭЗЭН дахин Мосед айлдан—

2. Израилийн хөвгүүдтэй ярин тэдэнд ийн хэлэгтүн. “Ариун цугларалтууд хэмээн та нарын зарлах, ЭЗЭНий товлосон үеүд болох Миний товлосон үеүд нь эдгээр болой.

3. Зургаан өдрийн туршид ажил хийж болох боловч долоо дахь өдөр нь бүрэн амрах Амралтын өдөр байх болой. Энэ өдөр ариун цугларалт болдог. Та нар ямар ч ажлыг хийх ёсгүй. Энэ нь та нарын бүх амьдрах газруудад чинь ЭЗЭНий Амралтын өдөр юм.

4. ЭЗЭНий товлосон үеүд болох ариун цугларалтууд нь эдгээр юм. Товлогдсон үеүдэд нь та нар зарлах ёстой.

5. Эхний сард, уг сарын арван дөрөвний өдөр, үдшийн бүрийгээр ЭЗЭНий Дээгүүр Өнгөрөх баяр болдог.

6. Тэгээд тэр сарын арван тавны өдөр ЭЗЭНд Исгээгүй Талхны Баяр болдог бөгөөд долоо хоногийн турш та нар исгээгүй талх ид.

7. Эхний өдөр нь та нар ариун цугларалттай байх бөгөөд аливаа хүчир ажлыг бүү хийгтүн.

8. Харин долоон хоногийн турш та нар ЭЗЭНд галаар өргөх өргөлийг өргөх ёстой. Долоо дахь өдөр нь ариун цугларалттай бөгөөд та нар аливаа хүчир ажлыг бүү хийгтүн” гэв.

9. Тэгээд ЭЗЭН Мосед айлдан—

10. Израилийн хөвгүүдтэй ярин тэдэнд хэлэгтүн. “Миний та нарт өгөх гэж буй нутагт орж, ургацыг нь хураахдаа та нар ургацынхаа анхны үр жимсний багцыг тахилчид авчрагтун.

11. Та нар хүлээн авагдахын тулд тэрээр уг багцыг ЭЗЭНий өмнө даллана. Амралтын өдрийн дараагийн өдөр тахилч түүнийг даллана.

12. Та нар уг багцыг даллах өдөртөө согоггүй эр хургыг шатаалт тахилаар ЭЗЭНд өргөгтүн.

13. Үүний идээн өргөл нь тостой хольсон ефагийн аравны хоёр сайн гурил байх бөгөөд тайвшруулах тааламжит үнэрт зориулан ЭЗЭНд галаар өргөх өргөл болох юм. Энэ нь түүний ундаан өргөл болох хиний дөрөвний нэгэн дарстай хамт байх юм.

14. Тэр өдрийг хүртэл, өөрсдийн Бурханыхаа тахилыг авчрах хүртлээ та нар талхыг ч, хуурсан болон шинэ үр тариаг ч бүү идэгтүн. Энэ нь үеийн үед амьдрах бүх газарт чинь улиран үргэлжлэх тогтоол байх ёстой.

15. Амралтын өдрийн дараах өдрөөс, даллах өргөлийн багцыг авчирсан тэр өдрөөсөө та нар бас долоон долоо хоногийг тоол.

бүрэн бүлгийг уншина уу Левит 23