Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Левит 22:1-12 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Тэгээд ЭЗЭН Мосетэй ярин айлдаж—

2. Миний ариун нэрийг гутаахгүйн тулд Израилийн хөвгүүдийн Надад зориулсан ариун өргөлд няхуур хандахыг Аарон болон түүний хөвгүүдэд хэлэгтүн. Би бол ЭЗЭН.

3. Тэдэнд хэлэгтүн. “Хэрэв үеийн үед чиний бүх үр удмын хэн нэг нь бузартсан байхдаа ЭЗЭНд зориулсан Израилийн хөвгүүдийн ариун өргөлд ойртох аваас тэр хүн Миний өмнөөс таслагдах болно. Би бол ЭЗЭН.

4. Аароны үр удмаас арьсны халдварт өвчтэй эсвэл гоождостой хүн цэвэр болохоос нааш ариун өргөлөөс идэж болохгүй. Хэрэв хэн нэгэн нь хүүрээр бузартсан аливаа зүйлд хүрэх аваас эсвэл хэрэв үрийн шингэн гаргасан хүн байх аваас

5. эсвэл хэрэв өөрөө түүгээр бузартах аливаа мөлхөгч зүйлд хүрэх эсвэл өөрөө түүгээр бузартах аливаа хүнд хүрсэн хүн байх аваас ямар бузар нь хамаагүй

6. ийм аливаа зүйлд хүрсэн хүн нь үдэш болтол бузартсан бөгөөд өөрийн биеийг усанд булхахаас нааш ариун өргөлөөс идэж болохгүй.

7. Харин нар жаргахад тэр хүн цэвэр болох бөгөөд үүний дараа тэр ариун өргөлөөс идэж болно. Учир нь энэ бол түүний хоол болой.

8. Тэр нь үхсэн амьтан, эсвэл тастчуулсан сэг идэж, түүгээр бузартах ёсгүй. Би бол ЭЗЭН.

9. Тиймийн тул тэд Миний зарлигаас шалтгаалсан нүглийг үүрэхгүйн тулд, зарлигийг гутааснаас болж үхэхгүйн тулд үүнийг сахих ёстой. Би бол тэднийг ариусгадаг ЭЗЭН болой.

10. Ямар ч гадаадын хүн ариун өргөлийг идэх ёсгүй. Тахилчийнд түр суугч, эсвэл хөлсний хүн ариун өргөлөөс идэж болохгүй.

11. Гэвч хэрэв тахилч өөрийн мөнгөөр өөрийн өмч болгон боол худалдан авах аваас тэр нь түүнээс идэж болох бөгөөд түүний гэрт төрөгсөд нь түүний хүнснээс идэж болох болой.

12. Хэрэв тахилчийн охин нь харийн хүнтэй гэрлэх аваас өргөлийн хувиас идэж болохгүй.

бүрэн бүлгийг уншина уу Левит 22