Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Левит 19:9-25 Ариун Библи, 2004 (АБ2004)

9. Та нар газрынхаа ургацыг хураахдаа талбайнхаа өнцөг булангуудыг нь хүртэл хураах ёсгүй. Ургацынхаа гээгдсэн үлдэгдлийг ч цуглуулах ёсгүй.

10. Усан үзмийн талбайнхаа үлдэгдлийг түүлгүй, усан үзмийн талбайнхаа унасан жимсийг ч бүү цуглуул. Тэдгээрийг та нар ядууст болон гадныханд зориулан үлдээгтүн. Би бол ЭЗЭН, та нарын Бурхан.

11. Та нар хулгай бүү хий. Хуурамчаар бүү үйлд. Бие биеэ бүү хуур.

12. Миний нэрээр хуурамчаар тангарагласнаараа өөрийн Бурханы нэрийг бүү гутаа. Би бол ЭЗЭН.

13. Өөрийн хөршийг бүү дарла, түүнийг бүү дээрэмд. Хөлсний хүний цалин нь бүхэл шөнөжингөө, өглөөг болтол чамд байж болохгүй.

14. Чи дүлий хүнийг бүү хараа. Сохор хүний урд бүдрүүлэх зүйлийг бүү тавь. Харин өөрийн Бурханыг хүндэтгэ. Би бол ЭЗЭН.

15. Шүүх дээр шударга бусаар бүү үйлд. Ядуусыг өөгшүүлэлгүй, баячуудад долигнолгүй, харин хөршөө шударгаар шүү.

16. Ард олныхоо дунд хов зөөгч мэт бүү яв. Хөршийнхөө амийн эсрэг бүү үйлд. Би бол ЭЗЭН.

17. Нутгийнхаа залууг зүрхэндээ бүү үзэн яд. Хөршөө шулуухан зэмлэж болох боловч түүнээс болж нүгэлд орооцолдож болохгүй.

18. Чи өөрийн ард олны хөвгүүдийн эсрэг өс хонзонг бүү ав, аливаа зэвүүцлийг ч бүү хадгал. Харин хөршөө өөрийн адил хайрла. Би бол ЭЗЭН.

19. Та нар Миний тогтоолуудыг сахих ёстой. Хоёр өөр төрлийн малыг хооронд нь бүү хээлтүүл. Тариан талбайдаа хоёр өөр төрлийн үрийг бүү суулга. Хоёр төрлийн эдийг хольж хийсэн хувцсыг бүү өмс.

20. Хэрэв эрэгтэй хүн нь өөр хүнд эзэмшигдсэн, чөлөөлөгдөөгүй боол эмэгтэйтэй махан биеэр унтах аваас тэдэнд шийтгэл байх юм. Гэхдээ тэд цаазлагдах ёсгүй. Учир нь эмэгтэй чөлөөт бус юм.

21. Эрэгтэй нь хуцыг өөрийн гэмийн төлөөх тахилаар ЭЗЭНд хурлын майхны үүдэнд авчирна.

22. Тахилч мөн түүний төлөө, гэмийн төлөөх тахилын хуцаар үйлдсэн нүглийнх нь төлөө ЭЗЭНий өмнө эвлэрүүлэл хийх бөгөөд түүний үйлдсэн нүгэл нь уучлагдах болой.

23. Та нар уг нутагт орон, хүнсэнд зориулан бүх төрлийн моддыг тарихдаа тэдгээрийн үр жимсийг цээрлэгдсэн хэмээн тооц. Гурван жилийн турш энэ нь та нарт цээрлэгдэх болой. Үүнийг идэх ёсгүй.

24. Гэвч дөрөв дэх жилд нь түүний бүх үр жимс ЭЗЭНд магтаалын ариун өргөл болно.

25. Тав дахь жилд нь та нар үр жимсийг идэж болно. Ингэж түүний үр жимсийг та нарт улам нэмэгдүүлнэ. Би бол ЭЗЭН, та нарын Бурхан.

бүрэн бүлгийг уншина уу Левит 19