Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Левит 19:26-36 Ариун Библи, 2004 (АБ2004)

26. Та нар цустай ямар ч юмыг бүү ид. Мэргэ төлөг, эсвэл ид шидээр бүү оролд.

27. Толгойнхоо хажуугийн санчгийг бүү тойруулан ав, сахлынхаа үзүүрийг ч бүү эвд.

28. Үхэгсдийн төлөө өөрсдийн бие дээр аливаа хэрчлэгийг бүү хий. Өөрсөд дээрээ шивээс тэмдгийг ч бүү хий. Би бол ЭЗЭН.

29. Өөрийн охиныг янхан болгож түүнийг бүү гутаа. Тэгснээр нутаг орон садар самуунд унахгүй, муу муухайгаар дүүрэхгүй.

30. Та нар Миний Амралтын өдрийг сахин, Миний ариун газрыг хүндэтгэ. Би бол ЭЗЭН.

31. Бөө болон сүнс дуудагчид уруу бүү эргэгтүн. Тэднийг бүү эрж хай. Тэдгээрээр бузарлагдана шүү. Би бол ЭЗЭН, та нарын Бурхан.

32. Буурлын өмнө босон зогсож, настанг дээдлэн, өөрийн Бурханыг хүндэл. Би бол ЭЗЭН.

33. Нутагт чинь харийн хүн та нартай хамт амьдрах аваас та нар түүнд муугаар хандах ёсгүй.

34. Та нартай хамт амьдрах харийн хүн нь та нарт, дунд чинь буй уугуул хүн мэт байх ёстой. Чи түүнийг өөрийн адил хайрла. Учир нь та нар Египетийн нутагт харийнхан байсан билээ. Би бол ЭЗЭН, та нарын Бурхан.

35. Жин, багтаамж, хэмжээг шударга бусаар бүү шүү.

36. Та нар зөв жинлүүр, зөв туухай, зөв ефа, зөв хинтэй байх ёстой. Би бол та нарыг Египетийн нутгаас гарган авчирсан ЭЗЭН, та нарын Бурхан юм.

бүрэн бүлгийг уншина уу Левит 19