Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Левит 18:1-16 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Тэгээд ЭЗЭН Мосед айлдан—

2. Израилийн хөвгүүдтэй ярин тэдэнд ийн хэлэгтүн. “Би бол ЭЗЭН, та нарын Бурхан.

3. Та нар өөрсдийн амьдарч байсан Египетийн нутагт хийгддэг зүйлсийг хийж болохгүй. Миний та нарыг аваачиж буй Канаан нутагт хийгддэг зүйлсийг ч та нар хийх ёсгүй. Тэдний ёс заншлууд дотор та нар явах ёсгүй.

4. Та нар Миний шүүлтийг хэрэгжүүлэн, Миний тогтоолыг сахин тэдгээрийн дотор явагтун. Би бол ЭЗЭН, та нарын Бурхан.

5. Тиймээс та нар Миний тогтоол, Миний шүүлтийг сахигтун. Тэдгээрийг үйлддэг хүн түүгээрээ амьдарна. Би бол ЭЗЭН.

6. Та нарын хэн нь ч хурьцах гэж өөрийн цусан төрөлдөө хүрч үл болно. Би бол ЭЗЭН.

7. Эцгийнхээ бие болох эхтэйгээ хурьцаж болохгүй. Тэр бол чиний эх мөн. Чи түүнд хавьтах ёсгүй.

8. Чи эцгийнхээ эхнэртэй хурьцаж болохгүй. Энэ нь чиний эцгийнх болой.

9. Эгч дүүтэйгээ, эцгийн чинь ч охин бай, эхийн чинь ч охин бай, гэрт ч төрсөн бай, гадна ч төрсөн бай тэдэнтэй чи хурьцаж болохгүй.

10. Ач охинтойгоо, эсвэл зээ охинтойгоо чи хурьцаж болохгүй. Учир нь тэдний махан бие нь чамаас гарсан юм.

11. Эцэгт чинь төрсөн, эцгийн чинь эхнэрийн охин нь чиний эгч дүү болдог учир түүнтэй чи хурьцаж болохгүй.

12. Чи авга эгчтэйгээ хурьцаж болохгүй. Тэр бол чиний эцгийн чинь цусан төрөл юм.

13. Чи нагац эгчтэйгээ хурьцаж болохгүй. Тэр бол эхийн чинь цусан төрөл юм.

14. Чи авгынхаа бие болох эхнэртэй нь хурьцаж болохгүй. Түүний эхнэрт бүү хавьт. Тэр нь чиний авга бэргэн болой.

15. Чи мөн бэртэйгээ хурьцаж болохгүй. Тэр нь чиний хүүгийн чинь эхнэр учир чи түүнд хавьтах ёсгүй.

16. Чи бэргэнтэйгээ хурьцаж болохгүй. Энэ нь чиний ахын бие болдог юм.

бүрэн бүлгийг уншина уу Левит 18