Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Левит 16:25-34 Ариун Библи, 2004 (АБ2004)

25. Тэгээд тэр нүглийн төлөөх тахилын өөхийг тахилын ширээн дээр шатаан уугиулна.

26. Нүглийг үүрэгч ухныг суллаж явуулсан нэгэн нь хувцсаа угаан усанд биеэ булхаад үүний дараа хуаранд орно.

27. Гэвч эвлэрүүлэл хийхээр ариунаас ариун газарт цусыг нь оруулсан нүглийн төлөөх тахилын бух болон нүглийн төлөөх тахилын ухна нь хуарангийн гадна гаргагдаж тэдгээрийн арьс, мах, сэвс нь галд шатаагдах болой.

28. Тэгээд тэдгээрийг шатаасан нэгэн нь хувцсаа угааж, биеэ усанд булхаад үүний дараа хуаранд орох ёстой.

29. Энэ нь та нарт улиран үргэлжлэх тогтоол болно. Долоо дахь сард, уг сарын аравны өдөр та нар болон та нарын дунд түр сууж буй харийнхан өөрсдийн сэтгэлийг даруу болгон, аливаа ажлыг бүү хий.

30. Учир нь та нарыг цэвэршүүлэхээр та нарын төлөө энэ өдөр эвлэрүүлэл хийгдэх бөгөөд та нар ЭЗЭНий өмнө өөрсдийн бүх нүглээсээ цэвэршигдэх болно.

31. Энэ нь та нарын хувьд сэтгэлийг чинь даруу болгон амраах Амралтын өдөр болох юм. Энэ нь улиран үргэлжлэх тогтоол юм.

32. Тийм учраас эцгийнхээ байранд тахилчаар үйлчлэхээр тослогдон, сахил хүртсэн тахилч эвлэрүүллийг хийнэ. Тэр ариун хувцас буюу маалинган хувцсуудыг өмсөөд,

33. ариунаас ариун газрын төлөө эвлэрүүллийг хийнэ. Тэр хурлын майхан болон тахилын ширээний төлөө эвлэрүүлэл хийх юм. Тэр мөн тахилч нарын болон чуулганы бүх ард олны төлөө эвлэрүүлэл хийх юм.

34. Энэ нь та нарт жил бүр ганц удаа Израилийн хөвгүүдийн бүх нүглийн төлөө эвлэрүүллийг хийх тухай улиран үргэлжлэх тогтоол болох юм гэв. Мосе өөрт нь ЭЗЭНий тушаасан ёсоор яг хийв.

бүрэн бүлгийг уншина уу Левит 16