Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Левит 16:10-22 Ариун Библи, 2004 (АБ2004)

10. Гэвч нүглийг үүрэгч ямааны шавга, дээр нь унасан ямаагаар дамжуулж эвлэрүүллийг хийхийн тулд түүнийг нүглийг үүрэгч ямаа болгон хээр тал уруу явуулахаар ЭЗЭНий өмнө амьдаар нь авчирна.

11. Тэгээд Аарон өөрийнхөө нүглийн төлөөх тахилын бухыг өргөх бөгөөд өөрийнхөө болон гэрийнхнийхээ төлөө эвлэрүүллийг хийх ёстой. Тэр өөрийнхөө нүглийн төлөөх тахилын бухыг нядална.

12. Тэр ЭЗЭНий өмнөх тахилын ширээн дээрээс галтай нүүрсээр дүүрэн бойпор, хоёр атга дүүрэн нунтагласан анхилуун утлагыг авч, хөшигний дотор авчирна.

13. Тэр ЭЗЭНий өмнө уг утлагыг гал дээр хийж, утлагын утаа нь гэрчлэлийн дээрх өршөөлийн суудлыг бүрхэх ёстой. Эс бөгөөс тэр үхнэ.

14. Түүнээс гадна тэр бухны цуснаас хэсгийг авч, хуруугаараа өршөөлийн суудлын зүүн тал уруу цацаж, бас өршөөлийн суудлын нүүрэн тал уруу хэсэг цусыг долоон удаа цацна.

15. Тэгээд тэр ард олонд зориулагдсан нүглийн төлөөх тахилын ухныг нядалж, цусыг нь хөшигний дотор аваачиж, бухын цусаар хийсэнчлэн түүний цусаар хийж, түүнийг өршөөлийн суудал дээр болон өршөөлийн суудлын нүүрэн тал уруу цацна.

16. Израилийн хөвгүүдийн бузрын улмаас, тэдний гэм буруу үйлс, бүх нүглийнх нь улмаас тэрээр ариун газрын төлөө эвлэрүүллийг хийх ёстой. Тэр тэдний бузрын дунд тэдэнтэй хамт орших хурлын майхны төлөө тэгж хийх ёстой.

17. Түүнийг ариунаас ариун газарт эвлэрүүллийг хийхээр дотогш орох үед нь түүнийг өөрийнхөө төлөө, гэрийнхнийхээ төлөө, Израилийн бүх чуулганы төлөө эвлэрүүллийг хийн гарч ирэх хүртэл нь хэн ч хурлын майханд байх ёсгүй.

18. Тэгээд тэр ЭЗЭНий өмнөх тахилын ширээ уруу гарч ирэн, түүний төлөө эвлэрүүллийг хийхдээ бух болон ухны хэсэг цусыг авч, тахилын ширээний эврүүд дээр нялна.

19. Тэр хуруугаараа хэсэг цусыг түүн дээр долоон удаа цацан, түүнийг цэвэршүүлж, Израилийн хөвгүүдийн бузраас ариусгах болой.

20. Аарон нь ариунаас ариун газар, хурлын майхан, тахилын ширээний төлөө эвлэрүүллийг хийж дуусаад, амьд ухныг өргөх ёстой.

21. Тэгээд Аарон амьд ухны толгойн дээр хоёр гараа тавьж, Израилийн хөвгүүдийн бүх муу үйлсийг, тэдний гэм буруу үйлс, бүх нүглийг түүн дээр наманчилж, тэдгээрийг ухны толгой дээр шилжүүлээд түүнийг сонгогдсон хүний гараар хөтлүүлэн хээр тал уруу явуулах ёстой.

22. Ухна бүх гэм нүглийг зэлүүд газар уруу өөр дээрээ үүрэн явах бөгөөд мөнөөх хүн ухныг хээр суллах ёстой.

бүрэн бүлгийг уншина уу Левит 16