Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Левит 13:32-46 Ариун Библи, 2004 (АБ2004)

32. Долоо дахь өдөр нь тахилч халдварыг үзээд арьснаас гүн биш бөгөөд цааш тархаагүй, түүн дээр ямар ч шаравтар үс ургаагүй байх аваас

33. тэр хүн нь уг үрэвссэн газрыг хусалгүйгээр, үсээ хусах бөгөөд тахилч уг хамуутай хүнийг дахин долоо хоногоор хөл хорино.

34. Тэгээд долоо дахь өдөр нь тахилч хамууг үзээд арьснаас гүн биш харагдан, арьсан дээгүүр тархаагүй байвал тахилч түүнийг цэвэр хэмээн тодорхойлох ёстой. Тэр хүн хувцсаа угааж цэвэр болно.

35. Харин түүнийг цэвэршсэний дараа уг халдвар арьсан дээгүүр цааш тархах аваас

36. тахилч түүнийг үзээд хамуу арьсан дээгүүр тархсан байх тохиолдолд тахилч шаравтар үсийг хайх шаардлагагүй. Тэр хүн бузартсан байна.

37. Хэрэв түүний нүдэнд хамууны халдвар өөрчлөгдөөгүй, хар үс түүн дээр ургасан байх аваас уг хамуу нь эдгэрсэн учир тэр хүн цэвэр болой. Тахилч түүнийг цэвэр хэмээн тодорхойлох ёстой.

38. Эр эсвэл эм хүн биеийн арьсан дээрээ толботой төдийгүй цагаан толботой байх тохиолдолд,

39. тахилч үзээд, хэрэв тэдний биеийн арьсан дээрх толбонууд нь бүдэг цагаан байх аваас энэ нь арьсан дээр гарсан маажуур болой. Тэр хүн цэвэр байна.

40. Хэрэв эрэгтэй хүний толгойн үс нь унах аваас тэр нь халзан болно. Тэр цэвэр болой.

41. Хэрэв түүний толгой нь урдаасаа болон хажуугаасаа халзрах аваас тэр нь духандаа халзан учраас цэвэр болой.

42. Гэвч хэрэв халзан толгойн дээр, эсвэл халзан духан дээр цайвар ягаан үрэвсэл бий болох аваас энэ нь халзан толгойн дээр, эсвэл халзан духан дээр гарсан арьсны халдварт өвчин болой.

43. Тахилч түүнийг үзээд, хэрэв түүний халзан толгойн дээрх, эсвэл халзан духан дээрх үрэвслийн хавдар нь биеийн арьсан дээрх арьсны халдварт өвчний байдалтай адил цайвар ягаан байх аваас,

44. тэр нь арьсны халдварт өвчтэй хүн мөн бөгөөд бузартсан болой. Түүний үрэвсэл нь толгой дээр нь байгаа учир тахилч түүнийг бузартсан хэмээн заавал тодорхойлох ёстой.

45. Арьсны халдварт өвчтэй болсон өвчтөний хувьд, тэрээр толгойнхоо үсийг бүтээлгүй, уранхай ноорхой хувцастай байж, өөрийн эрүү нүүрийг таглан “Бузартсан, бузартсан” хэмээн хашхирч байх ёстой.

46. Халдвартай байх өдрүүдийнхээ туршид тэрээр бузар байх болой. Тэр бузартсан байна. Тэр ганцаараа амьдрах ёстой бөгөөд түүний орон сууц нь хуарангийн гадна байна.

бүрэн бүлгийг уншина уу Левит 13